Шадар гурван цэргийн нутагт “шампааск” буудуулах шар мөрөөдөл

Mongolia Today

2021.10.13

Токио-2020 олимпын наадмын хаалтын ёслол эхлэхэд Парис-2024 олимпын нээлтийн салхи сэвэлзсэнийг бүгд анзаарсан нь дамжиггүй.


Токио-2020 олимпын наадмын хаалтын ёслол эхлэхэд Парис-2024 олимпын нээлтийн салхи сэвэлзсэнийг бүгд анзаарсан нь дамжиггүй. Бүр толгодын цаана Бээжин-2022 цагаан олимпын хот айлын гэрэл ч алсаас гялалзан харагдсан. Монголын баг тамирчид Парисийн дарь эхийн  сүмийг “дайлаар мордон”, түүхэндээ 14 дэх удаагаа зуны олимпын  наадамд оролцохын учрыг тунгааму.

Нэг. Эрхэм соёлт, ихэмсэг армаанчик Франц гүрний их соён гэгээрүүлэгч  Пьер-де-Кубертен нь эртний Грекийн олимпыг сэргээн, эдүгээ хүн төрөлхтөнд энэхүү агуу  наадмыг эргүүлэн бэлэглэсэн үлэмж ачтан мөнөөсөө мөн. Шадар гурван цэргийн нутагт олимпийн наадам өмнө нь хоёронтаа зохиогдсон боловч монголчууд  “хүндэтгэх шалтгааны” улмаас оролцож чадаагүй юм. Парис-1900 зуны II олимпын  наадамд дэлхийн 24 орны тамирчид  оролцоход монголчууд Манжийн дарлалд нухлагдаж байсан бэрх хэцүү цаг үе. Харин 24 жилийн дараа Францын нийслэлд хөшгөө нээсэн Парис-1924 зуны VII олимпын наадамд тусгаар тогтнолоо зарласан Монгол орон нь гамин, бароныг хөөн зайлуулж, улс гэрээ төвхнүүлэх нүсэр ажилд дарагдаад, толгой өндийлгөх сэхээ гарсангүй. Тэгээд ч жанжин  Д.Сүхбаатар “дордохын долоо дахь” олимпыг анзаарсангүй, морин дээрээс бургас цавчих тэмцээндээ илүү анхаарч, эр цэргээ чангаруулахаас өөр арга үнэндээ байсангүй. Харин Парис-2024 зуны XXXIII олимпын наадамд Монголын хагас зуу гаруй дайчид Эйфелийн цамхагаас өндөр амжилтад хүрэх хүслээр жигүүрлэн, Шарль-де-Голь нисэх онгоцны буудалд десантлан буух нь тодорхой.

Хоёр. Франц бол Монголд  ээлтэй орон. Энэ том гүрэнд олон хөх толбот монголчууд ажиллаж, амьдарч, сурч, боловсорч байна. Цөөнгүй нутаг нэгтнүүд маань тэнд “эмнэлгийн виз” статусаар эрүүл мэндээ дээшлүүлж, франц хэлээ сайжруулж буй нь нууц биш. Манай баг тамирчид ч бас олон төрлөөр их спортын агуу гүрэн Францад жим гартал зорчиж, спорт л юм хойно энгэрээ мялаасан нь ч зөндөө, ганзага хоосон буцсан нь ч цөөнгүй. Парис-2017 чөлөөтийн дэлхийн аваргад Э.Бэхбат хүрэл, П.Орхон алтан медаль хүртэж байсан нь одоо болтол мартагдаагүй. Бас манайхан хүчээ сорьдог Парисийн их дуулга хэмээх жүдогийн нүргээнт тэмцээнийг “бага ДАШТ” гэхээс өөр аргагүй өндөр чансаатай  “даншиг”.  Түүнчлэн Монголын дугуйчин З.Наран, Д.Төмөр-Очир, Б.Болд-Эрдэнэ, Т.Төгөлдөр нар “Тур-де-Франс” дуулиант уралдааны эх нутгийн төмөр морьтны “ASPTT Nanсy” клубт уригдан, гаскойн дасгалжуулагч Ж.Мусар, К.Домингер нарын удирдлага дор “дугуйн дэл дээр өссөн” франц тамирчидтай “раам зэрэгцэн”, дөрөө жийсэн нь нэр төрийн хэрэг байлаа шүү. Түүхийн шарласан хуудсыг сөхвөөс Мехико-1968 олимпод  оролцогчид маань Өмнөд Америк руу сунайсан урт нислэг хийхдээ алдарт Парисаас хөөрсөн гэдэг. Тэгээд л Мексикийн нийслэлээс чөлөөтийн бөхчүүд олимпын анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсныг дурсан санахад таатай байна.

Гурав. Токио-2020 олимпоос эхлэн наадмын төмөр мэт хатуу тогтсон спортын хөтөлбөрт, салхи савир нэвтрүүлж, эзэн орны санал болгосон 5 төрлийг албан ёсоор  нэмэх ОУОХ-ны цаг үетэйгээ хөл нийлүүлсэн, уян хатан, “хувьсгалт  шийдвэр” амьдралд хэрэгжсэн нь олны талархлыг хүлээсэн бөлгөө. Энэ шинэ журмын дагуу япончууд үндэсний спорт каратэ ба спорт авиралт, дугуйт тэшүүр, сёрфинг (Далайн давалгаан дээгүүр гулгах), бейсбол-софтболыг ивээлдээ авч, олимпын наадамдаа дэнсэлсэн. Харин Парис-2024 зохион байгуулах хорооныхон 5 биш 4 спортыг хөтөлбөртөө нэмэхээр шийдвэрлэсэн. Яхир францчууд каратэ, бейсбол-софтболыг таягдан хаяж, нөгөө гурвыг нь алгаа тосон авмагцаа олимпын түүхэнд сод сонин үзэгдэл болох брейк бүжгийг албан хөтөлбөрт аймшиггүйгээр шахав. Энэ орны үндэсний спорт төмөр бөмбөг шиддэг петанк, боулинг, сквош гээд л нэрээ дэвшүүлсэн 14 төрлийнхөн гомдохдоо нүд нь орой дээрээ гарсан ч дэлхийн олон залуусын зүрх сэтгэлээ зориулсан брейк ийнхүү Парис-2024 олимпын спортоор  тодров. Манайд ч бас бүжгийн спортын холбоо байгуулагдаад удаж буй бөгөөд авъяаслаг брейкчин монгол залуус мэр сэр буй сурагтай. Хип-хоп залуус олимпын медаль зүүх алтан боломжийг тэс ондоогоор сэтгэдэг Парис хот тэдэнд олгох нь энэ ээ. Үзээд алдахад юуны буруу байх вэ. TEAM MONGOLIA нь Токио-2020 олимпод 3Х3  сагсан бөмбөг, ширээний теннисээр анх удаа оролцож, өвөрмөц рекорд тогтоосон. Парис-2024 олимпод ч ТОП-4 буюу олимпын медаль гялалзуулсан үлэмж гавъяатай  чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагынхан тэргүүн фронтод давших нь тодорхой, бас хүндийг өргөлт, байт  харваа нь ТОП-5, ТОП-6 цол нэмэхэд ойрхон буйгаа илтгэж харуулсан. Тэгэхээр бид Пьер-пе-Кубертен олимпын их  өвөөгийнхөө нутагт олуулаа буух нь л чухал. Бас нэгэн шинэ спортоор дебют хийх ч далдын санаа, алсын зорилго бий.

Дөрөв.  Монгол улс Францтай  7 цагийн зөрүүтэй, Улаанбаатараас Парис хүртэл 7050 км замыг 13 цагт үзүүртэй модны дээгүүр, үүлтэй тэнгэрийн доогуур туулан хүрнэ. Зуны XXXIII олимпын наадам алдарт “Stade de France” цэнгэлдэх хүрээлэнд  2024 оны VII сарын 26-нд эхлэхэд 1018 хоног үлдлээ. Сонирхолтой нь 28 жилийн тэртээ буюу Атланта-1996 олимпын яг энэ өдөр жүдоч “Нарка” Доржпаламын Нармандах хүрэл медаль хүртсэн түүхтэй. Нарка өөрөө ч анх 1992 онд Францад зохиогдсон өсвөрийн олон улсын тэмцээнд цоройтол түрүүлэн, арван долоон настайдаа алтан медалиар шагнуулан, их спортын гадаад замналаа эндээс эхэлснээ дурсах дуртай.

Тав. Францын олон хот олимпын өмнөх хамтарсан бэлтгэлд уриастай. Мөн Монгол баг тамирчид заавал Франц гэлтгүй, Герман, Унгар гээд л Европын олон өндөр хөгжилтэй оронд дасан зохицох бэлтгэлээ базаах бүрэн боломж ч бас бий. Францын  IX Людвиг хааны элч Гильом Рубрук нь 1253-1255 онд их Монгол гүрэнд айлчилсан анхны “параанц” хүн болж, түүхэн цадигт тэмдэглэгдсэн. Тэгвэл гуравхан жилийн дараа Францад хөшгөө нээх Парис-2024 олимпод оролцох TEAM MONGOLIA нь Жюль Верн, Алексанр Дюмагийн нутгаас анхны алтан олдвороо өргөхийн төлөө шинэ шижгэр залуусаар цус сэлбэн, бүл нэмсэн Монголын баг зориг эрмэлзэл дүүрэн байнам. Шар хөлсөө их дуслуулваас шампаанск буудуулах мөч биеллээ олно гэдгийг бүгд мэдэж байгаа.

Ойрын хэдэн жил  өвөл, зуны олимп Монгол нутагт ойрхон өвөлжиж зуншсан, Бээжин-2008, Пёнчан-2018, Токио-2020 гээд л. Харин одоо  бид олон далай тэнгис  гатлан, уул нурууг даван олимпын наадамдаа хүрэхээс аргагүй Парис-2024, Милан-2026, Лос-Анжелес-2028, Брисбен-2032 гээд л Европ, Америк, Австрали тив рүү тэмүүлэх томилолт өмнө маань ярайж байна. Шадар гурван цэргийн нутагт шар медаль гэрэлтэх олимплог нягууртай Парис-2024 зуны XXXIII олимпийн наадмын бамбар гэрэлтэн асаахад 1018 хоног үлдлээ шүү, се-ля-ви!


Спортын сэтгүүлч Жүгдэрийн Отгонцагаан “ОТО”

Ангилал : Спорт
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх