Хар сүү

Elbegzaya Shaariibuu

2021.11.03

Борхүүгийн Үйзэнмаагийн “Хар сүү” уран бүтээл нь Осакагийн Азийн 16 дахь удаагийн кино наадамд нээлтээ хийлээ. Түүний анхны уран сайхны кино “Над руу битгий ингэж хар” Осакагийн Азийн 11 дэх удаагийн кино наадмаас хамгийн ирээдүйтэй авьяастны шагналыг хүртэж байсан билээ.


Борхүүгийн Үйзэнмаагийн “Хар сүү” уран бүтээл нь Осакагийн Азийн 16 дахь удаагийн кино наадамд нээлтээ хийлээ. Түүний анхны уран сайхны кино “Над руу битгий ингэж хар” Осакагийн Азийн 11 дэх удаагийн кино наадмаас хамгийн ирээдүйтэй авьяастны шагналыг хүртэж байсан билээ.

Үйзэнмаа өмнөх бүтээлийхээ нэгэн адил “Хар сүү” киноныхоо зохиолыг өөрөө бичиж, найруулан, гол дүрд нь тогложээ. Германд удаан хугацаагаар амьдарсан монгол эмэгтэй Весси найз залуугаасаа зугтаж, эх орондоо буцаж очоод хөдөө амьдардаг охин дүүтэйгээ уулзана. Хоёр өөр орчинд өсөж торнисон эгч дүү хоёрын соёлын ялгаа нь тэдний хооронд зөрчил үүсгэдэг. Энэ кино бол эмэгтэйчүүдэд тулгарч буй янз бүрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар олон талаас нь харуулсан гайхалтай бүтээл юм.

Бид “Хар сүү” киноны найруулагч Үйзэнмаатай цахим ярилцлага хийлээ.

Таны өмнөх бүтээл “Над руу ингэж битгий хар” кино нь эх орноо дурсан санах мэдрэмжийг харуулсан байдаг. “Хар сүү” кино нь энэ сэдэвтэй холбоотой юм шиг санагдсан. 

Үйзэнмаа: Тиймээ. Миний бодлоор хоёр дахь кино маань энэ сэдвийн үргэлжлэл. Би монголд төрсөн, Монголоос хол удаан амьдарсан. Гэсэн хэдий ч би эх оронтойгоо үргэлж хамт байсан гэж боддог. Хэдийгээр би Германд 50 метр квадрат талбайтай орон сууцанд аав, ээж, ах, эгчийнхээ хамт амьдардаг байсан ч бидний хувьд тэр байр Монгол маань байсан. Хэдийгээр эх орноосоо хол байсан ч гэсэн гэртээ би Монгол ахуй, соёлоо гэсэн хайраар дүүрэн амьдарсан. Удирдаж чадахгүй байгаа мэдрэмжээс үүдэлтэй зүйлээ энэхүү хайраар хөглөн би кино зохиолоо бичиж эхэлсэн. Тиймээс “Хар сүү” нь нэг алхам ухарсан гэдэг утгаараа байгалийн урсгал байсан гэж хэлж болно.

Говьд удаан хугацаанд кино зураг авах хэцүү байсан уу? 

Үйзэнмаа: Тиймээ. Киноныхоо зургийг говьд авсан. Би аль болох киноныхоо багийг цомхон байлгахаар шийдсэн бөгөөд зураглаач, дууны найруулагч, тоглосон жүжигчид бид хэд л байсан. Нүүдэлчдийн амьдралыг байгаагаар нь бодитойгоор харуулахыг зорьж байсан учраас говийн жирийн нэг айлд зураг авахаар сонгосон. Ийнхүү цомхон багтай цөөхүүлээ байх нь маш чухал. Яагаад гэвэл таниж мэдэхгүй олон хүмүүс, янз бүрийн тоног төхөөрөмж гаргаж ирээд тал талаас нь зураг авч эхэлвэл нутгийн хүмүүсийн бодит байдлыг гаргахад хүндрэлтэй болох байсан. Би тэдэнтэй аль болохоор ойр байж кино зураг аваагүй мэт мэдрэмжийг төрүүлэхийг хүсч байсан. Энэ нь тэдэнд маш сайн нөлөөлж “Та нар үнэхээр кино хийж байна уу? Кино хийнэ гэдэг чинь арай л өөр юм байдаг юм даа” гэж хэлж байсан.

Оссигийн дүрд тоглосон Гүнсмаа таны төрсөн эгч шиг их адилхан харагдаж байсан. Кино кастингийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

Үйзэнмаа: Та сайн анзаарсан байна.Тэр дүрд миний хайртай үеэл Гүнсмаа тоглосон. Тийм болохоор бид хоёр их адилхан харагдаж байгаа байх. Хөдөө говьд амьдардаг эмэгтэйн дүрд Гүнсмааг тоглуулах хүсэлтэй байгаагаа хэлэхэд, миний өссөн хотын амьдралаас арай л өөр дүр байна, гэхдээ би чадна аа” гэж надад хэлсэн. Кинонд тоглох үед үеэл маань жирэмсэн байсан ч киноныхоо ард амжилттай гарсан. Тиймээс би Гүнсээдээ маш их баярлаж байна. Осси бол хөдөөний борог амьдралд өссөн, Монгол соёл уламжлалаа дээдэлдэг, эмэгтэй хүний үүрэг, хорио цээрийг дагаж мөрддөг тийм л эмэгтэй. Германаас буцаж ирсэн дүү Весситэйгээ харьцаж байхдаа эдгээр уламжлалтай зөрчилддөг. Энэ нь дотоод өөрчлөлтийн дүрслэл нь ямаа гаргах, сүүнд орох хэсгүүд дээр гардаг.

Эртнээсээ эрс тэс цаг ууртай, хүнд хэцүү амьдралын нөхцөл Монгол эмэгтэй хүнийг тэсвэр хатуужилтай, хүч чадалтай байхыг шаардсаар ирсэн. Монгол сул дорой эмэгтэй хүн гэж би лав дуулж байгаагүй. Хүмүүс надад монгол эмэгтэй хүн мал гаргадаггүй гэж хэлж байсан. Яагаад эмэгтэй хүн мал гаргаж болохгүй гэж, яагаад ийм хууль дүрэм байдаг юм бэ? Юм болгон өөрийн гэсэн аргументтай байдаг. Мэдээж хэрэг, орчин үеийн эмэгтэй хүний хувьд эдгээр уламжлал нь шинжлэх ухааны үндэслэлгүй учраас хүмүүс “яагаад” гэж үргэлж асуудаг. Оссай, эр хүн иртэл мал гаргаж болохгүй гэж хэлдэг ч тэр эмэгтэй ганцаараа амьдардгаас хойш эрэгтэй хүнийг хэзээ ирнэ гэж хүлээх юм бэ? Тэр угаасаа л ганцаараа амьдарч байгаагаас хойш яагаад эрэгтэй хүнээс хараат амьдарна гэж? Барууны орнуудад хүмүүс “цаг бол мөнгө” гэсэн ойлголттой байдаг. Тэд хэн нэгнийг хүлээхийн оронд үүнийг өөрөө хийх ёстой гэж боддог. Харин нүүдэлчин Монголчууд цаг хугацааны талаар огт өөр бодолтой байдаг. Тэд цаг хугацааг хангалттай байгаа гэж боддог. Цаг хугацаа хязгааргүй. Тэнгэр, тэнгэрийн хаяаг хар даа, бүх зүйл сайхан байна. Та яарах хэрэггүй. Ингэж бодох нь надад үнэхээр таалагдсан. Осси ингэж боддог: “Вессигийн зөв байж магадгүй, би эрэгтэй хүнийг хүлээж байна. Гэсэн ч хүлээхэд ямар асуудал байгаа юм бэ?” Нөгөөтэйгүүр Оссигийн үйлдэл Вэссийг өдөөн, тэдний эрх мэдлийн тэнцвэрийг ялгаатайгаар харуулдаг. Тэд гадаад төрхийн хувьд төстэй боловч, Вэсси баруунд өссөн, Осси нь нүүдэлчдийн эртний уламжлалд өссөн тул дотор хүн нь тэс өөр. Тийм ч учраас би Оссийг бас хүчтэй эмэгтэй гэдгийг Вессид харуулахыг хүссэн.

Нүүдэлчин эмэгтэйчүүд, ер нь нүүдэлчид бол зөвхөн өөрсдийгөө боддог хүмүүс биш. Тэд эхлээд бусдыг бодоод, дараа нь өөрийнхөө тухай бодох ёстой болдог. Осси биеэ сүүгээр угаадаг хэсэг дээр эмэгтэй хүн биеэ хэрхэн цэвэрхэн байлгах хүсэлтэйг харуулах боловч нөгөө талаас Осси мөн өөрийн биеийн гоо сайхныг таашааж байдаг. Өөрийгөө зугаацуулах хүсэл, ялангуяа сүүнд орж өөрийгөө зугаацуулна гэдэг нүүдэлчин эмэгтэйчүүдийн хувьд жирийн үзэгдэл огт биш. Сүүг цэвэр ариунд тооцон, өөрийн биеийг түүнээс доогуур тавих нь надад тун өвөрмөц бодол төрүүлсэн. Баруунд бол хүмүүс хамгийн түрүүнд л өөрийгөө боддог.

Весси найз залуугаасаа зугтаад эх орондоо буцаж ирээд эх орныхоо ёс заншлыг хүлээн авах хэрэгтэй болдог. Энэ нөхцөл байдал нь таны бодит туршлагаас үүдэлтэй юу?

Үйзэнмаа: Би Вессиг маш сайн ойлгож байгаа. Германы болоод Монголын соёл хоорондоо маш ялгаатай. Энэхүү хоёр өөр соёлд тэрээр өөрийн гэсэн арга замыг эрэлхийлж, өөрөөсөө нэг соёлын ертөнцийг олохыг хичээдэг. Весси Германд байхдаа “Чи минийх” гэх хэт өмчирхөг найз залуутай байсан. Тэр энэ тухай бодож үзээд “Би хайр байгаа газар очих ёстой” гэдгийг ойлгосон. Энэ бол түүний төрсөн эх орон. Гэхдээ тэнд ч гэсэн тэр эмэгтэйчүүдийн хувьд ижил төстэй хүлээлтийг мэдэрдэг бөгөөд энэ нь түүний хувьд маш ойлгомжгүй байдлыг үүсгэдэг. Энэ бол зөвхөн Вессигийн асуудал биш. Чи хэн бэ? Чи яаж амьдрахыг хүсч байна? Чи хаана байна? Хэрэв бид ийм асуултуудын талаар гүн гүнзгий эргэцүүлж эхэлвэл эргэн тойрныхоо хүмүүстэй зөрчилдөх нь гарцаагүй. Тодорхой нэг соёлыг дагаж мөрдөхийн оронд өөрийн замаа хайж олохыг хүссэн хэн бүхний хувьд энэ бол яах аргагүй тохиолдох зүйл. Весси үүнтэй тэмцдэг. Учир хэн нэгний зөвшөөрөл, хайр дурлалаас хамааралтай бол өөрийн арга замыг олох нь тийм ч амар биш. Та хүчирхэг байж, өөрийн замаар явах боломжгүй. Эндээс та ямар нэгэн зүйл алдана эсвэл ямар нэгэн зүйл хожих болно. Энэхүү нийгмийн амьдралыг ойлгохын тулд танд иймэрхүү зөрчилдөөн хэрэгтэй учраас би энэхүү зөрчлийг эерэг зүйл гэж бодож байна.

Сүүлд гардаг хэсэг үнэхээр гайхалтай байсан. Би дэлхийн хэвлийд сууж байгаа ихрийн ​​дүр зургийг харсан. Та энэ санаагаараа юу илэрхийлэхийг хүссэн бэ?

Үйзэнмаа: Та их гоё зүйлийг харжээ. Тухайн үед манай үеэл Гүнсмаа хэвлийдээ ихэр хүүхэд тээж байсан. Тиймээ, сүүлчийн үзэгдэл бол зүйрлэл. Энэ ертөнцөд бид заримдаа төөрсөн мэт санагддаг. Гэхдээ хэрэв та хэн нэгэнд хайртай бол энэ хайраа аль болох удаан хадгалах хэрэгтэй. Хаашаа ч явах хэрэггүй, ядаж л таныг юу ч хэлж, хийж байсан ч ойлгох хүнтэй хамт энэхүү өргөн уудам нутаг дэвсгэрийг харж болохоор дүр зургийг энэ зурагнаас харж болохоор байна. Энэ бол болзол шаардахгүй хайр, энэ л чухал шүү дээ.

Эцэст нь асуухад яагаад киногоо “Хар сүү” гэж нэрлэсэн юм бэ? 

Үйзэнмаа: Би үүнийг Вэсси рүү дайрдаг эрэгтэйн хэсэг дээр түүнийг айлгахын тулд “Хар сүү” гэж бичсэн. Үүнийг би эмэгтэйчүүдийн хүч чадлын илэрхийлэл гэж бодож байна. Эхийн сүү бол ​​амьдралыг бий болгох чадалтай юугаар ч орлуулшгүй зүйл. Энэ бол хараахан нээгдээгүй байгаа жинхэнэ хүч чадал бөгөөд энэ нь дэлхий даяар “эмэгтэй хүний ​​хүч чадал” гэж нэрлэдэг нийтлэг зүйлээс огт өөр юм. Би өөрийнхөө хүчийг олж байхдаа эсвэл бусад эмэгтэйчүүдийг ажиглаж, тэдний хүч чадлыг олж харах үед эсрэг тэсрэг байдал нь нийтлэг тодорхойлолтуудын эсрэг байдаг. Энэ бол миний хувьд үнэхээр үнэ цэнэтэй гайхалтай зүйл юм. Би үүний эсрэг зүйлийг илэрхийлэхийг хүссэн. Тиймээс энэ нь эсрэгээрээ. Энэ бол цагаан биш, хар бөгөөд энэ бол миний өөртөө хийсэн гайхалтай нээлт.

Ангилал : Соёл урлаг
үнэлгээ :
  • Max Ariuna
    2021-11-08 10:22:33

    Та их гоё зүйлийг харжээ. Тухайн үед манай үеэл Гүнсмаа хэвлийдээ ихэр хүүхэд тээж байсан. Тиймээ, сүүлчийн үзэгдэл бол зүйрлэл. Энэ ертөнцөд бид заримдаа төөрсөн мэт санагддаг. Гэхдээ хэрэв та хэн нэгэнд хайртай бол энэ хайраа аль болох удаан хадгалах хэрэгтэй.

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх