Баянзүрх дүүргийн Ковид-19 халдвар авсан жирэмсэн эхчүүдэд дархлаа дэмжих бэлгийн багц гардуулан өглөө

Ө. Анужин

2021.11.25

Hellobaby болон Эх хүүхдийн эрхийг хамгаалах Ийм БолГоё хөдөлгөөн хамтран Баянзүрх дүүрэгт оршин суудаг Ковид-19 халдварт өвчнөөр өвчилсөн, амьжиргааны түвшин доогуур, нэн хүнд нөхцөлд амьдардаг ээжүүдэд зориулан дархлаа дэмжих витаминууд бүхий бэлгийн багцыг бэлтгэн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг нь бусад дүүргүүдтэй харьцуулахад хүн ам харьцангуй ихтэй бөгөөд одоогийн байдлаар нийт 28 хороонд 5000 гаруй жирэмсэн ээж бүртгэлтэй байна. Үүнээс 2000 орчим ээж Ковид-19-ийн халдвар авсан гэж бүртгэгджээ. Халдвартай ээжүүд дунд амьжиргааны түвшин доогуур, нэн хүнд нөхцөлд амьдардаг ээжүүд эмчилгээний эм тангаа авах боломжгүй байгаа учраас Hellobaby болон Ийм БолГоё хөдөлгөөн хамтран хандивын аян өрнүүлсэн билээ.

Ийм БолГоё хөдөлгөөнийхэн маань энэхүү хандивын аяныг гурван сарын турш явуулж нийт 4,163,000 төгрөг цугларсан бөгөөд эмчилгээний багцыг Баянзүрх дүүргийн Амбулатори 1, 2, Поликлиник болон Амгалан амаржих газар дахь Баянзүрх дүүргийн жирэмсний хяналтад байгаа нийт 108 ээжүүдийн гар дээр очих юм.

Жирэмсэн эхийн дархлаа дэмжих энэхүү бэлгийн багц түгээх үйл ажиллагааг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь 2021 оны зургаадугаар сард Сонгино хайрхан дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй зорилтот бүлгийн 100 ээжүүдэд амин дэмийн багц хүргүүлсэн билээ.

Цар тахлын энэ бэрхшээлтэй үед хүнд нөхцөлд халуун амь тээж яваа ээжүүддээ гараа сунган цаг хугацаа, эрч хүчээ зарцуулсан Ийм БолГоё хөдөлгөөн болон хандивын аянд нэгдсэн сайхан сэтгэлт хүмүүстээ талархаж буйгаа илэрхийлье.

Ангилал : Эрүүл мэнд
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх