Монголд яагаад өвөл аялах хэрэгтэй вэ? буюу Гэрэл зургийн аялал жуулчлал

Ariuna Lkhagva

2021.11.22

Хөрст дэлхий цасаар хучигдаж, хүйтэн жавар хацар нүүрийг жиндүүлсээр өвөл ирснийг зарлалаа.


Эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө тэсгим хүйтэн аль ч газар амьтад бүү хэл хүмүүс ч ичээндээ байхыг илүүд үзэх байсан биз. Гэхдээ зөвхөн та энэхүү цаг агаарт дасаагүй, соёл уламжлалыг нь мэдээгүй бол шүү дээ. Монгол орны аялал жуулчлалын улирал ердөө зургаахан сар. Учир нь дээр дурьдсан эрс тэс хатуу ширүүн уур амьсгал бүхий өвөл нь жуулчдыг өөрөөсөө түлхэж, урин дулаан цаг ирэхийг хүлээхэд хүргэдэг. Гэхдээ "өвөл" яг ямар буруутай гэж? Энд нүүдэлчин Монголчууд хэдэн зуун жилийн турш таван хошуу малаа маллан, цаг уурын хүнд ширүүн нөхцөлтэй нүүр тулан, байгальтайгаа зохицон амьдарсаар ирсэн шүү дээ. Тэдгээр хүмүүс өвөл хэрхэн амьдрахыг харах гадныханд сонирхолтой, адал явдалтай биш гэж үү? 

Тэгвэл бид та бүхэнтэй Израилийн баримтат гэрэл зурагчин, аялалын хөтөч Эйшер Свиденскитэй жил бүрийн өвөл Монголд хийдэг нэгэн сонирхолтой аялалынх нь талаар хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Дэлхийд нэр цуурайтаад буй Баян-Өлгийн алдартай бүргэдчин охин Айшолпаныг мэднэ биз дээ? Тэгвэл та Ашерийг мэддэг байж магадгүй л юм. Хэрвээ мэдэхгүй бол дараах ярилцлагыг уншаарай. 

 Таныг гэрэл зургийн аялал зохион байгуулдаг гэж сонссон. Бидэнд энэ аялалынхаа талаар танилцуулаач. 

Тиймээ, би гэрэл зургийн аялал зохион байгуулдаг. Бусад аялалыг бодвол илүү гэрэл зураг талдаа гэсэн үг л дээ. Энэ ч утгаараа жуулчдад зориулсан ямар нэг шоу үзүүлбэр, эсвэл жуулчдын байнгын очдог маршрутаас аль болох зайлсхийж, нэг газартаа илүү удаан тогтож байхаар аялалаа зохион байгуулдаг. Бүргэдээр ан хийдэг айлд очлоо гэвэл тэр айлтай танилцаж, тэдэнтэй удаан хугацаагаар хамт байж, бүргэдийн ан хийх үйл явцтай нь танилцдаг гэсэн үг. Энэ аялал цаг хугацаа их зарцуулдаг тул цаг завтай хүмүүст илүү тохирно. Өнөөдөр бид ингэнэ, маргааш тэгнэ гэсэн нарийн чанд хуваарь байдаггүй. Улаанбаатар бол илүү дамжин өнгөрөх газар гэж хэлж болохоор. Ирлээ, буцлаа. Энд хийгээд байх их зүйл байхгүй ч гэлээ аятайхан ресторанд орж хоол идэх, Сүхбаатрын талбай орж хөшөөний талаарх мэддэг хэдэн хөгжилтэй явдлуудыг хуваалцах, үргэлжлээд Нарантуул зах орчихоод, Зайсан гардаг. 

Яагаад заавал гэрэл зургийн аялал гэж? Бусад аялалыг бодвол энэ юугаараа өөр вэ? 

Дэлхий дээр маш олон хүн гэрэл зураг авах хоббитой байдаг. Магадгүй хуульчийн мэргэжилтэй ижил тооны хүмүүс гэрэл зураг сонирхдог гэж хэлж болох байх. Би энэ аялалдаа их дуртай, хүмүүс ч мөн энэ аялалд явах дуртай байдаг. Бид аялалын хөтөлбөр гаргахдаа жуулчдаа нэг байршилд аль болох удаан, тааваар нь байлгахыг чухалчилдаг. Ингэснээр гэрэл зурагчдад зургаа дураараа, хүссэнээрээ авах таатай нөхцлийг бүрдүүлнэ. Энэ газарт бидэнд нэг цагийн хугацаа байна, яваад зургаа аваад ир гэдэг зүйл гэрэл зургийн аялалд байдаггүй. Гэрэл зурагчдын хувьд үд дунд хамгийн тохиромжгүй гэрэлтэй байдаг тул өдөр зураг авах боломжгүй. Тиймээс бүтэн өдрийг гэрэл зургандаа зарцуулах хэрэгтэй болдог. Бид энэхүү аялалыг Төвөд, Вьетнам, Финланд, Сибирьт зохион байгуулдаг, удахгүй Гүржэд энэхүү аялалаа нээхээр төлөвлөж байна. Товчхондоо гэрэл зургийн аялал бол гэрэл зураг сонирхогчдод зориулагдсан бөгөөд аялалын хөтөлбөр нь маш уян хатан байдаг. Аялалын дунд илүү сонирхолтой зүйлтэй таарвал дараагийн хөтөлбөрөө болиод өнөөхийг сонгох жишээтэй. Аялалын груп маш цөөхөн цомхон буюу 6-8 хүний л бүрэлдэхүүнтэй байдаг. Хэрвээ 50 гэрэл зураг сонирхогчдыг хамтад нь аялууллаа гэхэд тэд нэгэн зэрэг ганц айлын зураг аваад байж таарахгүй шүү дээ. Тэгэхээр ихэвчлэн цөөхөн аялагчтай байдаг.  


Танай аялалд ихэвчлэн ямар төрлийн хүмүүс хамрагддаг вэ? Мэргэжлийн гэрэл зурагчид уу эсвэл сонирхогчид байдаг уу? 

Янз бүрийн хүмүүс ирдэг дээ. Гэрэл зураг авах бол маш түгээмэл хобби шүү дээ. Заримдаа мэргэжлийн гэрэл зурагчид ирдэг. Тэд тухайн зүйлийг арай өөр өнцгөөс нь харахыг чухалчилдаг. Ихэвчлэн гэрэл зураг авах хорхойтой хүмүүс байдаг. Жишээлбэл, хагас сая долларын үнэ бүхий зургийн аппараттай тэтгэврийн насны хүн байна. Гэхдээ тэрийгээ яаж ашиглах, юу хийхээ мэдэхгүй байна гэдэг чинь солиотой хэрэг шүү дээ. Эсвэл гэрэл зураг авах дуртай, эсвэл саяхан гэрэл зургийн сургалтанд хамрагдсан шинэхэн сонирхогч байх жишээтэй. Тэдгээр хүмүүс жижигхэн ч гэсэн камертайгаа эсвэл гар утсаараа шинэ газар орны үзэх, тухайн соёлыг гэрэл зургаар дамжуулан судлахаар ирдэг. Гэрэл зургийн аялалд явж байгаа хүн авч буй зүйлийнхээ юу вэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй болдог. Би юуны зураг авч байгаа билээ, би юуны тухай өгүүлж байгаагаа өөрөө эхлээд маш сайн ойлгох хэрэгтэй болдог. Магадгүй энэ нь антропологийн судалгаа хийх хамгийн овжин арга ч байж мэднэ. Хэрвээ хорхог хийх үйл явцын зураг авч байгаа бол энэ яг юу болоод байна, одоо яагаад энийг хаана, яаж хийж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй болно гэсэн үг. Тэгэхээр хорхог болохыг хүлээгээд, ажлаа яриад сууж байгаа хүнээс огт өөр. Сонирхолтой байгаа биз. Дараа нь тэр ойлгосон зүйлээ найз нөхөддөө тайлбарлаж хэлэх хэрэгтэй болно. Гэрэл зургийн аялал бол тухайн нэг хүмүүсийн соёлыг судлах, газар орныг танин мэдэх гайхалтай техник гэж хэлж болно. Ажилдаа буцаж орохоос өмнө цагаа сайхан зугаатай өнгөрөөчихөөд ирье гэдэг зүйл биш. 

Монголд хаашаа ихэвчлэн аялалаа зохион байгуулдаг вэ? 

Монголын хувьд бол би баруун аймагт ихэвчлэн ажилладаг. Мэдээж зүүн болон төвийн бүсийн нутгаар аялал зохиохоор судалж байгаа. Би Өлгийд өмнө нь баримтат гэрэл зургийн төслөөр ажиллаж байсан болохоор тийшээ аялалаа авч явдаг. Өмнө нь очиж байсан болохоор учраас тэнд аялал зохион байгуулахад илүү халуун дулаан, танил дотно мэдрэмж төрүүлдэг. Би энэ бүс нутагт үнэхээр дуртай. Монголоос хамгийн их таалагддаг газар гэж хэлж болно. Хойт болон Төвийн бүс ч гэсэн маш үзэсгэлэнтэй л дээ. Зүүн бүсийн үзэсгэлэнг хэрхэн тодорхойлохоо сайн мэдэхгүй байна. Жуулчид харьцангуй бага очдог газар болохоор магадгүй хүмүүсийн хийж үзээгүй сонин содон зүйлс гарч ирж магадгүй юм. 

Баруун бүсийн аялалд яагаад дуртай вэ? Баруун бүс ямар шинж чанараараа жуулчдыг татаад байна вэ? 

Өөрийнхөө өнцгөөс хариулахад, нэгдүгээрт, Алтайн уулс. Алтайн уулсыг Баян-Өлгий, Ховд, Говь-алтайд харах боломжтой. Энд замууд нь их сайхан харагдахаас гадна, нүд алдам уудам цэлгэр хөндий, онгон дагшин хөдөө хээр нутаг нь гайхамшигтай дүр зургийг бий болгодог. Бага зэрэг урагшаа явбал Говь-Алтайн өндөр уулс нь говь цөлийн бүстэй хэрхэн хосолж байгааг зургийн аппаратандаа буулгах боломжтой. Мөн энэ бүс нутгаар өвөл аялах дуртай. Өндөр уулсын хормойд цасаар хучигдсан том том элсэн манханууд цэлийгээд л. Дэлхий дээр маш цөөхөн газар ийм дүр зургийг та харах боломжтой. Үзэгдэх орчны хувьд энэ үнэхээр сайхан. Хэрвээ та гэрэл зурагчин бол эндээс нар мандах, нар жаргах агшныг авахад зүгээр л “ээ бурхан минь, би ингээд суугаад л  баймаар байна” гэж хэлэх болно. Үүргэвчтэй аялагчид монголыг “зорих газар” гэх харах нь их түгээмэл ажиглагддаг бөгөөд ингэж бодох нь нэг талаасаа их буруу. Тэд ихэвчлэн 8-10 өдрөөр аялахдаа аль болох цөөн хоногт бүх газрууддаа очоод үзчих сонирхолтой байдаг. Жинхэнэ утгаараа аялъя гэж ирсэн хүмүүст хэлэхэд энэ нь арай өрөөсгөл гэж хэлэх байна. Монгол үүргэвчтэй аялагчдад санал болгох маш олон зүйлс байдаг. Аялагчдад зориулсан тусгай наадам цэнгээн, жуулчдын их цуглардаг газраас холдож зүгээр л байгальд байж түүнийг сайхныг мэдрэхийг санал болгож байна. Хоёрдугаарт, жуулчдын ихэнх нь халх соёлын бүс нутгаар аяладаг. Тэрэлж, Говь ороод Төв Монголоор яваад эргээд ирдэг. Эсвэл хойшоо Хөвсгөл явна. Эдгээр газар бол үнэхээр үзэсгэлэнтэй, ялангуяа соёлын аялал хийж байгаа хүмүүст тохиромжтой аялалууд. Мэдээж халх, тува, дөрвөд гэх мэт бүхий л соёл гайхамшигтай. Баруун бүсийн аялалын нэг давуу тал нь монголын өөр хаана ч үзэх боломжгүй гурав дөрвөн угсаатны бүлгийн соёлын нэгдлийг та нэг дороос харах боломжтой. Соёл гэдгээр би хувцаслалтын хэв маяг, хэлний ялгаатай байдлаас илүү хөгжингүй зүйлийг хэлж байгаа юм шүү. Казак айлд айлчиллаа гэхэд чи тэднийг адилхан л дээл өмсөн, адилхан л гэрт амьдардаг болохыг харах боловч яваандаа, өө дээл нь арай өөр юм байна, гэр нь ч бас өөр, нээрээ соёл нь өөр юм байна ш дээ гэдгийг анзаарах болно. Яриаг нь сонсох бүр сонирхолтой. Монгол Казак хүмүүсийн ярианаас адил төстэй болон онцлог ялгаатай зүйлсийг ч мөн харах болно.Энэ мэтээр Торгоны зам дээр орших эдгээр улсууд хэрхэн соёлын солилцоонд орж, харилцан бие биетэйгээ холбоо хамааралтай байсныг ойлгох мэт болно. Тэр ч утгаараа би баруун бүсийн аялалыг хүмүүст илүүтэйгээр санал болгоно. Монголыг нэг л соёлын өлгий нутаг гэж бүү хараарай. Монгол үнэхээр үзэсгэлэнтэй газар орон. Ийшээ зүгээр л нэг байгалийн сонин сайхныг үзэх гэж ирэх хэрэгггүй. Байгалийн үзэсгэлэнг чи Төвдөд, Канадад, Швейцарьт ч харна. Монголыг гайхамшигтай болгож байгаа зүйл нь онгон зэрлэг байгаль, түүнтэйгээ харилцан шүтэлцээтэй амьдардаг хүмүүсийнх нь зохицол юм. Зөвхөн байгалийн гоё сайханд төвлөрөх юм бол чи монголын 50%-ийг нь орхигдуулна л гэсэн үг. Монголоос өөр үзэсгэлэнтэй газрууд зөндөө бий. Гэхдээ Монголыг илүү хүчирхэг, давтагдашгүй болгож байгаа зүйл нь монгол нутаг дээр амьдарч буй нүүдэлчдийн соёлыг тээж буй ард иргэд. Нүүдэлчдийн амьдралын хэв маягийг ойлгож чадвал монголын байгалийн гайхамшгийг илүүтэйгээр мэдрэх болно. 


Жуулчдыг хамгийн их татдаг бүргэдээр ан хийх өв уламжлалыг баруун бүсийн аялалтайгаа хэрхэн уялдуулж байна вэ?

Бүргэдээр ан хийх уламжлалд би үнэхээр их дуртай. Зурагчин хүний өнцгөөс хэлвэл тэд үнэхээр хараа булаамаар үзэсгэлэнтэй харагддаг. Нар хэвийх үест уулын оргил, эсвэл дов толгод дээр гоёмсог хувцастай анч морио унаад, нэг гаран дээрээ бүргэдээ суулгачихаад нисгэж байгаа дүр зураг үнэхээр сайхан харагддаг нь үнэн. Гэвч үүнийг бүргэдийн баярын үеэр жуулчдад тусгайлан зураг авахад зориулан хийдэг. Гэхдээ тэрэнд ч мөн жуулчид дуртай байдаг. Гэвч үнэндээ энэ бол бодит амьдрал дээр ийм зүйл болдоггүй л дээ. Харин гэрэл зургийн аялалын үеэр тухайн бүргэдчин бол зүгээр нэг бүргэдтэй анчин биш, харин бидний хувьд тэр хүн бол Хайралхан, эсвэл Даувит. Өөрөөр хэлбэл анчинтай бид эхлээд сайн танил болцгоодог. Тэгээд бүргэдээр ан хийх үйлд хамт явж, яаж ан хийдгийг үзнэ. Ингэж хамт байх нь тухайн соёл яагаад ийм байдгийг ойлгоход тусалдаг. Бид нэг айлтайгаа л гэхэд 3-4 өдөр хамт байж, нэр усаа мэдэлцэхээс эхлээд тэдний өдөр тутмын амьдралтай танилцаж эхэлнэ. Бүргэдийн ангийн үүднээс авч үзвэл энд биширмээр соёлын элементүүд олон байдаг. Зөвхөн бүргэдийн туулай, үнэг барьж байгааг харах нь магадгүй түүнийг зарах сонирхолтой өнцөг байж мэдэх ч, зөвхөн түүнийг үзээд өнгөрнө гэвэл та бүргэдээр ан хийх энэхүү урлагийн үлдсэн 90%-ийг нь орхигдуулж байна гэсэн үг. Энэ бол гайхалтай урлаг. Анчин хүн бүргэдтэйгээ хүндэтгэлтэй харилцаж буй хүн амьтан хорондын нарийн уялдаа холбоог харна. Тэд түүнийг хооллож ундлан, арчилж тордон, тусад нь дулаан байшин барьж өгч байгааг харвал тэд бүргэдийг яг хүнтэй эн зэрэгцүүлэн, адил тэгш эрхтэйгээр хандагийг харах болно. Мэдээж тэд бүргэдийг эргээд байгальд нь тавих ёстой л доо. Соёлын энэ бүх зүйлсийг мэдэх нь соёл бол зөвхөн жуулчдын шоу биш гэдгийг ойлгоно. 

Яагаад анх баруун бүсийн аялалыг сонирхох болсон бэ? Ямар шалтгаанаар Өлгийд анх ирсэн бэ? 

Анх 2012 онд Монголд ирээд УБ-Мөрөн-Хатгал-УБ гэсэн маршрутаар богино хугацааны аялал хийсэн. Мөрөн ороод тэндээсээ Хатгал, Цагааннуур гээд цаашаа цаачид дээр очоод буцаад ирсэн. Гэрэл зураг авах төлөвлөгөөтэй байсан болохоор мэдээж сайхан байсан. Тэгэхэд анх Баруун аймагт байдаг бүргэдээр анх хийдэг хүмүүсийн тухай сонсож байлаа. Явах хүсэл их байвч үүргэвчтэй аялагчийн хувьд 300-400 долларын үнэтэй тасалбар худалдаж аваад, тэр хол замыг туулна гэдэг тухайн үедээ арай боломжгүй байсан. Мэдээж харамсалтай санагдсан л даа. Гэвч дараа жил нь буюу 2013 онд монголд ирээд шууд л баруун аймаг руу явах зорилт тавьсан. Хүмүүс Говь явъя л даа гэхэд, үгүй ээ би Баян-Өлгий л явна гэсэн. УБ-т ирсэн өдрөө л Баян-Өлгий явах тасалбар худалдаж авсан. Хүмүүсийн нэг их очоод байдаггүй, хүрэхэд хэцүү газар очно гэдэг бол аялагчийнхаа ч хувьд, гэрэл зурагчныхаа ч хувьд их олзуурхууштай байсан. Баян-Өлгий надад үнэхээр таалагдсан. Содон, сонирхолтой гэсэн зүйлсээ чи жинхэнэ утгаар нь судалж чадна. Хүрэхэд хялбар, хүн бүрийн очдог газар байвал магадгүй таны хийх гэж байсан зүйлийг аль эрт хийчихсэн байх магадлалтай учраас сонирхолгүй санагдаж болох. Баян-Өлгийд очоод бүргэдээр ан хийдэг айлд очиход судлах мэдэх зүйл асар их байсан. Өлгий оччихоод дараа нь Вьетнам, Хятад явах төлөвлөгөөтэй байсан боловч Өлгий надад маш их таалагдсан тул бүхий л мөнгө, цаг хугацаагаа энд зарцуулаад хоёр гурван сар зөвхөн энд зарцуулсан. Би анхнаасаа жуулчид бага очдог газар очихыг хүссэн л дээ. Монголд ирж байгаа бүх жуулчдыг 100% гэж үзвэл бараг 8-10% нь л Өлгийн аялал хийдэг. Тэрхүү аялагчдын ихэнх нь Цамбагарав, Таван Богд гэсэн маршрутаар явдаг. Мэдээж тэр ч гэсэн сонирхолтой л доо. Гэхдээ зөвхөн газрын зураг дээрээс л нэр усыг нь харж харж байгаа газар луу ямар хөтөчгүйгээр, хаана юу байгааг, юу тохиолдохыг мэдэхгүй явна гэдэг бол аялагчийнхаа хувьд хэлэхэд сүүлийн 10 гаруй жилд хийж үзсэн хамгийн эрх чөлөөтэй, маш тааламжтай туршлага болсон. Тиймээс би энэ газар дахин дахин эргэж ирэх дуртай. 

Бүргэдээр ан хийдэг Айшолпан хэмээх охины талаар гадныхан их онцолсон. Өөрөөр хэлбэл Айшолпан Монголд гэхээс илүүтэй дэлхий дахинд их алдартай. Энэ охинтой та хэрхэн яаж анх танилцсан бэ? 

Энэ маш эгзэгтэй нөхцөл байдал байсан л даа. Нийтийн сүлжээгээр цацагдаж, алдар нэрд хүрэхэд мэдээж маш олон зүйл нөлөөлнө. Тэгээд ч тэр их мэдээ мэдээллийн урсгалын ихэнхийг та бид удирдан залах боломжгүй. Та юу хийнэ тэр бүхэн олон нийтийн цахим сүлжээгээр цацагдаж, хүмүүст хүрэх боломжтой. Айшолпаны түүх эхэлснээс хойш би нийтдээ 12 өөр төслүүд дээр ажилласан байна. Зарим нь амжилттай болсон, зарим бүтэлгүйтсэн. National Geographic, BBC зэрэг газруудтай хийсэн төслүүд амжилттай болсон бол зарим нь бүр ямар ч хэвлэл нийтлэл байхгүй, ор сураггүйгээр таг болсон нь ч бий. Би найзууд, гэр бүлийнхэндээ болон бусад хүмүүст Айшолпаны түүхийг хуваалцах дуртай, тэд ч бас сонсох дуртай. Айшолпаны түүх намайг анх 2013 онд Өлгийд аялаж байх үеэс эхэлсэн. Би тэнд гэрэл зураг авахаар ажиллаж байсан юм. Эхэндээ зөвхөн 7 хоноод буцна гэж төлөвлөж байсан боловч надад тухайн газрын соёл, заншил нь маш их таалагдсан тул үүний талаар судалж, энэ тухай илүү их зүйл олж мэдэхийг хичээсэн. Миний өмнө хэлсэнчлэн, илүү их хугацааг зарцуулах тусам чи илүү их зүйлийг олж мэдэх боломжтой болдог. Хөвгүүд бага залуу наснаасаа бүргэдээр ан хийх уламжлалд хэрхэн суралцдаг тухай судлахаар хоёр гурван сарын турш Баян-Өлгий аймгаар хөтөчтэйгээ хамт явсан. Яг ирээдүйд амжилттай бүргэдчин болоход хэрхэн бэлтгэж, сургуулилтаа хийдэг тухай гэсэн үг шүү дээ. Надад энэ маш сонирхолтой санагдаж байсан юм. Дээрх хугацаанд бид арав гаруй хүүхэдтэй уулзсан. Тэднээс яг гурван хүүхдийг сонгож зургандаа оруулахаар болсон. Би бүргэдчин охинтой уулзах талаар ер бодож төлөвлөөгүй байсан төдийгүй, тийм зүйл миний санаанд ч ороогүй байсан юм. Бүргэдээр ан хийх уламжлал надад маш их таалагдсан учраас энэ тухай баримтат гэрэл зураг авч, энэ соёлын ололт амжилтын талаар мэдээ бэлтгэж хүргэе гэж бодож байсан юм. Хамгийн эхлээд зурганд орох Еркэ Болен гэдэг нэг хөөрхөн хүүтэй танилцсан. Дараа нь тухайн нутгийнхаа хамгийн залуу бүргэдчин болох Баха Бирген хэмээх хүүтэй танилцсан. Мөн бусад хэсэг бүлэг хүүхдүүдтэй уулзсан. Ингэхдээ Айшолпантай түүний ааваар нь дамжуулж танилцсан юм. Тэгээд уг төсөлдөө Эркибулаг, Бакбэлэг болон Айшолпан хэмээх энэ гурван хүүхдийг оролцуулахаар болсон. Гэрэл зурагчны амбицаар хувиар энэхүү төслийн талаар би олон нийтэд хүргэхээр шийдсэн. Гэрэл зургаараа ажиллаж, судалгаа хийгээд түүнийгээ нийтлүүлнэ гэдэг бол баримтат гэрэл зурагчны хувьд каррьераа эхлүүлэх гайхалтай арга байдаг л даа. Тухайн үедээ би залуухан байсан бөгөөд баримтат гэрэл зургаар дөнгөж ажиллаж эхэлж байсан үе. Төслийн үр дүн бодож байснаас хамаагүй өндөр байсан. Энд тэндэхийн сэтгүүлүүд Айшолпаны түүхтэй хэсгийг ихэд сонирхож эхэлсэн. Айшолпан ийнхүү энэ төслийн од болж хувирсан. Маш олон байгууллага, хэвлэл мэдээлэл, сэтгүүлийн газрууд Айшолпаны түүхийг сонирхож, түүний талаар бичих болсон. Ингэж Айшолпан монголчуудын дунд гэхээсээ илүүтэйгээр дэлхий дахинд илүү танигдсан. Үүнээс хоёр жилийн дараа монголчууд өөрсдөө энэ тухай илүүтэйгээр, сонирхож эхэлсэн. Мэдээж энэ бол сайн зүйл шүү дээ. Бүргэдчин охин Айшолпаны түүхтэй холбоотойгоор гарч ирсэн нэг сайн зүйл бол монголчууд соёлын олон төрөл зүйлээ илүү сайн сурталчилж, хүмүүст хүргэж чаддаг болсон гэж харж байгаа. Монголд маш олон төрлийн соёл байдаг, казак бол тэр бүгдээс өөрийн гэсэн онцлогтой. Казакууд бол казак үндэстэн, казак хэл, соёлтой. Өмнө нь би олон казак хүнээс асууж байсан л даа. Та Казакстанд очиж амьдармаар байна уу гэхэд үгүй ээ, би Монголд амьдарна, би бол Монгол улсын иргэн гэж хэлж байсан. Энэхүү өв уламжлалыг Монгол улс өлгийдөн авч, соёлын олон төрөл зүйлийг өөртөө нэгтгэн бас хадгалж, хамгаалж байгаа нь монголчуудыг ирээдүйд хүчирхэг болгоод зогсохгүй, үндэстэн гэдэг утгаараа соёл, аялал жуулчлалын салбарт урагш алхах хамгийн шилдэг арга гэж би харж байна. 


Айшолпаныг юу тэгж их нэр алдарт хүргэсэн юм бэ? 

Тухайн үедээ бүргэээр ан хийдэг эмэгтэй хүн ерөөсөө байгаагүй. Тиймээс эмэгтэй хүн бүргэдээр ан хийж болох тухай бодол санаа толгойд огт бууж ирээгүй байсан юм. Энэхүү уламжлалыг нэгэнт л эрчүүд авч ирж байгаагаас хойш тэдний энэхүү соёл уламжлалын амжилт ололт, мөн ирээдүйд хэрхэн өөрчлөгдөн хувисах талаар л ярьж байсан юм. Ихэнх зүйлд эцгийн эрхт ёс давамгайлсан байдаг. Гэхдээ л ирээдүйд энэхүү уламжлалыг эмэгтэй хүн залгамжлан авч явж чаддаг бол үнэхээр сонирхолтой байх байсан даа гэж бодож үзсэн. Мэдээж тийм хүн олох хэцүү ч бид олсон юм. Айшолпаны аав нь хэлэхдээ бүргэдээр ан тэдний гэр бүлийн уламжлалыг том хүү амжилттай авч явж байсан боловч цэрэгт татагдаад явчихсан, эргэж ирээд бараг бүргэдийн ангаа хийх боломжгүй тухай ярьж байлаа. Том хүүгээсээ гадна гадна тэрээр 3 хүүхэдтэй бөгөөд тэдний хамгийн том нь Айшолпан байсан. Айшолпаны бүргэдээр ан хийх болсон нь Айшолпан охин ан хийж сурах насан дээрээ байснаас гадна өөрөө бүргэдээр ан хийх чин хүсэл сонирхолтой байсан. Тийнхүү аав нь бүргэдээр хэрхэн ан хийхэд түүнийг сургаж эхэлсэн. Энэхүү соёл өмнө нь Казакстан, Хятад, Оросод байсан. Гэвч эдгээр газруудад соёлынхоо хувьд бүрэн дүүрэн байдлаар өнөө цагт хадгалагдаж үлдээгүй. Тийм болохоор Монголд байгаа казакууд үүндээ маш хүндэтгэлтэй хандаж, уламжлан авч явах тал дээр анхаарсан байх. Хөвгүүд бүр сураад ч амжилттай бүргэдийн анчин болж чадахгүй байх тохиолдол байна. Тиймээс энэ түүх нь хүсвэл охидууд ч мөн сураад, бүргэдээр ан хийх боломжтой гэдгийг харуулж чадсан. Үүнээс хойш 5-6 жилийн дотор Өлгийд ямар үзэгдэл ажиглагдсан гэхээр бүргэдчин болохоор хичээллэж байгаа казак охидууд мэр сэр гарч ирсэн явдал юм. Тэднийг хэр амжилттай бүргэдээр ан хийдэг эмэгтэйчүүд болохыг цаг хугацаа харуулна. Соёл өөрөө ингэж хувисан өөрчлөгдөх нь их сонирхолтой биш гэж үү. Өөрчлөлт гэж хэлэх нь магадгүй буруу байж мэднэ. Магадгүй хөгжил дэвшил гэж хэлбэл арай дөхөх байх. Соёл гэдэг үгийг хүмүүс буруугаар ойлгох хандлагатай байдаг. Соёлыг хаана нэгтээ байх музей, тэрэн дотор хөдөлгөөнгүй байж байдаг хэдэн баримал, эд өлгийн зүйлс гэж ойлгоод байдаг. Нэг талаасаа тийм, гэхдээ бас үгүй. Соёлын оршин тогтнох, тухайн соёлын үлдэх арга зам бол тухайн байгаа орчиндоо дасан зохицох, тухайн орчинтойгоо уялдаж орших. Яг энэ маягаар бүргэдээр ан хийх уламжлал монголд маш сайн хадгалагдан үлджээ гэж би хардаг. 

Монголд ямар төрлийн аялалыг жилд хэдэн удаа, хэдийгээр зохион байгуулдаг вэ? 

Монголд 2015 оноос хойш энэ чиглэлийн аялалыг зохион байгуулж байна. Мөн жилдээ ганц хоёр аялалыг монголд хийдэг. Ингэхдээ Канад, Хятад, Англи болон Израилийн аялалын компаниудтай хамтарч ажиллан тэндээс хүмүүс авдаг. Бид монголд аялалын хоёр төрөл чиглэлийг илүү түлхүү хөгжүүлэх, тэр чиглэлийн жуулчин авах сонирхолтой байгаа. Нэгт, мэдээж гэрэл зургийн аялал. Хоёрт, бид Монголд өвлийн аялал хөгжүүлэхийг маш их хичээн ажиллаж байгаа. Маш олон хүмүүс Монголын аялал жуулчлалын хугацааг зөвхөн 3 сараар л хардаг. Шумуулыг амжилттайгаар цохин унагааж чадвал зунд мэдээж бүх зүйл үзэсгэлэнтэй сайхан байдаг. Гэхдээ өвлийн улирлын Монгол шиг үзэсгэлэнтэй газрыг би урьд өмнө хаана ч харж байгаагүй. Өвлийн улирлын дүр зураг монголын аялал жуулчлалыг шинэ түвшинд гаргаж ирнэ. Үүнийг хүмүүс сайн ойлгохгүй байна л даа. Монголд маш олон хүмүүс аяласан гэдэг боловч уг хэрэгтээ тэд монголыг жинхнээсээ хараахан үзэж чадаагүй гэж хэлэх байна. Жилийн тэн хагасаас илүү саруудад ихэвчлэн хүйтэн сэрүүн, эрс тэс уур амьсгал зонхилдог. Хамгийн хэцүү ширүүн нөхцөлтэй нь өвөл. Зарим хүмүүс “аан өвөл юм уу, жоохон л цас ш дээ, тэгээд л бол оо” … гэж ойлгодог. Гэвч энэ бол тоглоом биш. Энд өвөл жинхэнэ утгаараа болдог. Хэрвээ гадаа хэдэн цаг зогсвол хөлдөж үхэх эрсдэлтэй. Ийм хатуу ширүүн цаг ауурт Хүннү, Уйгур, Түрэг, Монголчууд бүгд л дасан зохицож, хүнд хэцүүг нь даван туулсаар ирсэн. Цав цагаан цасаар хучигдсан хээр тал,  хөлдсөн голууд мөн түүн дэр давхихын сацуу малчин монголчуудтай ч уулзана. Эдгээр хүмүүс цаг уурын ийм нөхцөлд мянга мянган жил амьдарсаар ирсэн. Яг л энэ цаг үед ирж монголчуудын жинхэнэ амьдралыг үзвэл энэ нутаг дээрх соёл хэрхэн ингэж бүрэлдэн бий болсныг ойлгох болно. Зуны улиралд бид ямар нэг баяр наадмыг тохиолдуулж, зуны таатай зүйлсийг л мэдрэхээр ирдэг шүү дээ. Зун хүмүүс ихэвчлэн амралтын байдалтай байдаг. Харин өвөл ихэнх хүмүүс чөлөө завгүй амьдралын төлөө тэмцэж, хөдөлмөрлөж буйг үзнэ. Ингэж нэг бодоод үзээрэй. Бүргэдийн баярыг аваад үзье л дээ. Яг үнэндээ хэн ч бүргэдээр зун эсвэл намар ан хийдэггүй. Бүргэдийн ан 12 сарын анхны цасны дараагаар эхэлдэг. Хэрвээ жинхэнэ бүргэдийн анг үзье гэвэл өвөл ирэх хэрэгтэй. Нүүдэлчин малчдын жинхэнэ амьдралыг үзмээр байвал өвөл л ир. Ирээд хөр цастай, өвлийн цагт нүүдэлчид сард хэрхэн 3 удаа нүүж байгааг хар. -30 хэмийн хүйтэнд амьдраад үз. Тэгвэл яагаад монголчууд халуун сүүтэй цай уух шаардлагатай болдгийг ойлгох болно. Тэд зүгээр л сүүтэй цай уумаар байдаг болоод ууж байгаа хэрэг биш. Ийм хүйтэн ширүүн нөхцөлд тэд даарч байгаа учраас, тиймээс даарахгүй халуун сүүтэй цай уух хэрэгтэй болдог. Энэ зэргээс эхлээд нүүдэлчдийн соёлын жинхэнэ амин сүнсийг та ойлгох болно. Тийм болохоор бид өвлийн аялал авахад онцгойлон анхаардаг. Бид ийм онцгой төрлийн аялал хийхийг зорьдог учраас жилдээ 10, 20 аялал авч чаддаггүй. Гэсэн хэдий ч бид хүмүүсийг бүх зүйл байгалаараа, бодит байх үед ирж аялаж үзэхийг зөвлөдөг. Хүмүүсийг бид жуулчдын их очдог газарт, жуулчны аялал хийлгэхийг хүсдэггүй. Бид судалгааны аялал хийлгэхийг зорьдог. Бид жуулчдаа алслагдсан бүс нутагт аялуулахыг зорьдог. Мэдээж бид хүмүүсээ Тэрэлжийн байгальд ганц хоёр хоног авчирч, сайхан хоол өгч, халуун усанд оруулж, тухтай байранд амраадаг. Гэхдээ энэ бол уг аялалын зөвхөн амралтын хэсэгт л хийгддэг зүйл. Бидний аяладаг ихэнх газрууд сүлжээгүй, интернет, гар утас хэрэглэх боломжгүй бөгөөд ганцхан GPS-тэй л явж байх жишээтэй. Тийм учраас хүмүүс энэ аялалаас эргэж ирээд ийм аялал хийсэндээ итгэдэггүй, харин ч нүд нь онгойгоод буцдаг. Өмнө хэлсэнчлэн 6-8 хүний бүрэлдэхүүнтэй цомхон аялалыг жилдээ ганц хоёр удаа л монголд зохион байгуулдаг. Энэ нь сонирхолтой бөгөөд хүмүүсийн дулаан уур амьсгалтай байхад нөлөөлдөг. Тиймдээ ч хүмүүс ийм аялалд хамрагдах сонирхол өндөр байдаг. Хэдий гадаа хүйтэн байгаа ч гэсэн тэд тухайн аялалаасаа өндөр сэтгэгдэлтэй буцаж ирдэг. 


Нэг зүйл сонирхолтой санагдаж байна. Энэхүү аялалд таны оролцоо яг юу байна вэ? Тухайн очсон газарт орон нутгийн хөтөч дагалддаг, мөн групп аялалын тухайтад групп ахлагчтай ирдэг шүү дээ. 

Би орон нутгийн хөтөч биш, аялалын ахлагч ч биш. Аялал бүр дээр очсон газарт орон нутгийн хөтөч дагаж явдаг. Үүнээс гадна жолооч, тогооч болон ложистик хариуцдаг тусгай хүмүүс дагалддаг. Гэхдээ аялалд миний гүйцэтгэх үндсэн үүргийг дараах хоёр байдлаар ангилж болох юм. 

Нэгдүгээрт, аялалын амин сүнсийг бүрдүүлэх буюу аялалын явцад халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хүн бүрийн хэрэгцээ шаардлагыг мэдрэн, хүн бүрийг сэтгэл дүүрэн байгаа эсэхийг хариуцдаг. Ялангуяа Монгол шиг нутагт бүгдийг төлөвлөсний дагуу явуулахад бага зэрэг бэрхшээлтэй тулгардаг. Жишээлбэл, аялалын 6 дахь өдөр малчин айлд очихоор төлөвлөж байтал тэр айл нь болзсон хугацаандаа байхгүй, өөр тийш нүүгээд явчихсан байх жишээтэй. Энд хэн нэгний буруу гэж байхгүй л дээ. Мал хуй, байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад тэд зүгээр л арай эрт нүүх шаардлагатай болсон. Үүнийг тухайн тур агентлаг, жуулчдад зөвөөр ойлгуулж, тухайн нөхцөлд тохирсон шийдвэр гаргах хэрэгтэй болдог бөгөөд тэрхүү шийдвэр нь хүн бүрийг аз жаргалтай байлгах ёстой. Өөрөөр хэлбэл тур агентлаг, жуулчид, нутгийн иргэдийн хоорондын гүүр болно гэсэн үг. Аялал жуулчлал бол хэзээ ч А болон Б хоёрын хоорондын харилцаа байдаггүй. Аялалыг хариуцан ажиллаж байгаа хүмүүсээс эхлээд нэлээд хэдэн бүлэг хүмүүсийн дундын гинжин холбоо байдаг. Хятадад зохион байгуулдаг аялалын талаарх нэг жишээг энд дурдъя. Би Хятадад олон жил аялалын хөтчөөр ажиллаж байна. Хятадын компаниудын санал болгодог хөгжилтэй гэсэн зүйлс нь Америкчуудын хөгжилтэй гэж боддог зүйлийн яг эсрэг нь байдаг. Өөрөөр хэлбэл Хятадуудын үнэлэмж Америкчуудынхтай зөрчилддөг гэсэн үг л дээ. Энэ нь мөн Америкийн хувьд ч яг эсрэгээрээ байдаг. Америкчууд ийм ийм зүйлд дуртай гэхэд Хятадууд өөдөөс, айн? яагаад? тэр чинь уйтгартай ш дээ? гэхчилэн гайхширцгаадаг. Тиймээс аялалын компаниудын хувьд би соёлын гүүр маягаар хамтарч ажилладаг гэж хэлж болно. Мөн би аялалын хөтөлбөрөө гаргаж, хэнд ямар аялал тохиромжтойг зөвлөхийн зэрэгцээ, Канадууд, Израилчууд болон Британчууд ямар зүйлийг таашаадаг болохыг гаргаж ирэн тийм зүйлсийг нь аялалын явцад санал болгохыг хичээн ажилладаг. 

Хоёрдугаарт, би гэрэл зураг аваад арав гаруй жил болж байна. Тиймээс аялалд явж байгаа хүмүүстээ хэрхэн ямар өнцгөөс зураг авбал илүү тохиромжтой байх, нутгийн ард иргэдийн зургийг авахдаа юу анхаарах вэ гэдгийг тэдэнд ойлгуулахыг хичээдэг. Соёлыг нь хүндэтгэн үзэх, харилцан ярилцах зэргээр нутгийн ард иргэд болоод жуулчдын хооронд таатай харилцааг бий болгоход анхаарч ажилладаг. Энэ нь аялалыг үнэ цэнэтэй болгодог гэж би хардаг. Шаардлагатай тохиолдолд бид багаараа тойрч суугаад юу хийвэл хамгийн зөв шийдвэр байж болох талаар ярилцана. Тэрийг харж суусан жолооч ийшээ явъя энд аятайхан газар байдаг, ингэж явна, тэгж явна гэхэд, бид “өө тийм байна, наадах чинь бидний хүссэн зүйл байна” гээд аялалаа цааш үргэлжлүүлэх жишээтэй. 

Аялалын баг яг л симфони найрал хөгжим шиг сайн хоорондын уялдаа холбоо, найрал зохицолтой байх хэрэгтэй. Аялалын ахлагч хэн байхаас үл шалтгаалан бүгд аялалыг сонирхолтой, үр дүнтэй болгохын тулд хичээн ажилладаг. Яг л ийм жишгээр бид иймэрхүү аялалыг Хятад, Төвөд, Вьетнам болон Лапландад зохион байгуулдаг.


Лапландын аялал сонирхолтой сонсогдож байна. 

Финландын хамгийн хойт талын бүсийг Лапланд гэж нэрлэдэг. Маш үзэсгэлэнтэй цас их унадаг бүс нутаг. Бид тэнд цасны мотоцикл унах аялал зохион байгуулдаг. Гайхалтай аялал л даа. Үүнийг жолоодох нь бага зэрэг төвөгтэй. Гараанаас эхлээд баринд ойртоход хаашаа явах, хаана төгсөхийг сануулдаг тусгай хөтөч залж чиглүүлэн тосч авдаг. Би тэнд байснаараа жуулчдад өдөр тутам юу хийгдэх, тэрэндээ хэрхэн бэлтгэх тухай сануулга өгч анхааруулдаг. Финланд сэтгэлгээний үүднээс өвлийг тайлбарлах бусад Европ болон Скандинавийн орнуудынхтай адилхан. Гэхдээ цасны талаарх хамгийн ойрын туршлага нь “хөргөгчнөөсөө хэтрээгүй” Дубай группыг энд авчрахаар бол өвлийн тухай тэдэнд хэрхэн тайлбарлаж ойлгуулах вэ? Тэдэнд чи арай өөр мэдээлэл өгч, зааварлах хэрэгтэй болно. Группын ахлагчийн хувьд ядаж л хүмүүсийг хооронд нь сайн ойлголцож байх тал дээр нь анхаарч ажилладаг. Энд нэг тохиолдсон зүйлээсээ дурьдахад, бид Лапландын аялалын бэлтгэлээ хангаж байсан юм. Тэдгээр Дубайчууд “хүйтэн” гэдэг тухай мэдээлэл авсан байсан. Тэгэхэд тэд -Тиймээ, хүйтэн. За ойлголоо. Тэгээд юу гэж? Үсрээд л 0 хэмтэй эсвэл +5 градус биз дээ л гэж ойлгодог. Яг үнэн хэрэгтээ тэнд -30,-40,-50 хэмийн хүйтэн шүү дээ. Тэдний төсөөллөөр хүйтэн гэдэг бол 0 градус. Түүнээс хэтрэхгүй. Тиймээс энэ мэтийн зүйлсийг тэдний өнцгөөс харж, тэдэнд ойлгоход нь тусалдаг. 

Баруун бүсийн аялал хийх гэж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? 

Хэрвээ та Өлгийн аялал хийх гэж байгаа бол өөрөөсөө Бүргэдийн баяраар очих уу, бусад цагт очих уу гэж асуугаарай. Хэрвээ Монголд очоод хэсэг явган алхаад, бүргэдээр ан хийдэг хүмүүстэй уулзаж танилцаад, бусад жуулчидтай танилцан, хамт цагийг хөгжилдөн өнгөрөөхийг хүсвэл Бүргэдийн баяр бол таны ирж үзэх аялал бол мөн. Энэхүү наадмаар танд өдөр тутам юу үзэх, харах, юу хийхийг тайлбарлаж өгөх хөтөч байнга хамт байна. Үүнээс гадна казак үндэстний өдрийн долоон үндсэн хоол таныг хүлээж байна. Морины уралдаан, бүргэдийн ан, тулам булаалдах, загварын шоу, морин дээрх сагсан бөмбөг зэрэг нь хараа булаам, сонирхолтой байдаг. Хэрвээ, та Монголыг судлах талаас нь илүү сонирхоод, жуулчдын нэг их очоод байдаггүй газарт очих хүсэлтэй, малчидтай хамт амьдраад тэдний амьдралын хэв маягийг судлах сонирхолтой, жуулчны бус нүдээр бүргэдийн анчидтай уулзаж танилцах, мөн хэрхэн яаж энэ соёл бүрэлдэн бий болсныг ойлгохыг хүсвэл бүргэдийн баяраас өөр цаг үед ирж үзэхийг би танд санал болгомоор байна. Ядаж л уг наадмаас хоёр долоо хоногийн өмнө эсвэл дараа нь. Баярын үеэр сайн буудал, машин, жолооч, хөтөч олдоход бэрх, бүх л хүмүүс баяр наадамд анхаарлаа хандуулна. Мөн жинхэнэ бүргэдээр анх хийх зан үйл анхны цаснаар эхэлдэг гэдгийг сануулъя. Энэ бол 11-р сарын сүүл, 12-р сарын эхээр. Үнэхээр бүргэдийн баяраар тийш явж үзэх хэрэгтэй юу, сонирхол байна уу гэдгээ нэг сайн бодож үзээрэй. 12 сар хэдий хүйтэн ч таны аялал үр дүнтэй, олзуурхууштай байх болно. Тухайн соёлыг дотроос нь таньж мэдэхийг хүсвэл шүү дээ. Өвлөөс битгий айгаарай, хүйтнийг аргалах боломжтой байдаг шүү. 

Нэг аялалын хугацаа хэр урт байдаг вэ? 

Энэ бол арай өөр зүйл. Энэ жил 21 хоногийн нэг гайхалтай аялал хийхээр төлөвлөж байсан юм. Хугацаа урт байхад яарах зүйлгүй, нэг газраа удаан байх боломжтой тааваараа дажгүй байдаг. Зарим орны аялалын хөтөлбөрт 8 хоногийн дотор 20 гаруй газраар аялахаар төлөвлөгдсөн байдаг. Энэ аймшигтай байгаа биз дээ. Сайн тогтож үзэж ч чадахгүй, зүгээр энд ирлээ, тэнд ирлээ гээд л чэклэх маягтай явна гэсэн үг. Аялалын хоног тухайн газрын хэр сонирхолтойгоос шалтгаалдаггүй нь харамсалтай. Гэхдээ аялалын хугацаа нэг газраа хэр их зураг авахаас шалтгаална, хэр их ажиллагаатайгаас шалтгаалан. 90,2000-аад оны эхэнд 21 өдрийн аялал жирийн л хугацаа байсан. Улс орон бүр өөрийн гэсэн хууль дүрэм журамтай. Израилд гэхэд чи татвар төлөх хэрэгтэй болдог. 8-14 хоногийн аялал хийгээд дуусахдаа тухайн орноос гарахдаа татвар төлнө. Хэрвээ тэтгэвэрт гарсан бол арай илүүг төлдөг байх жишээтэй. Эсвэл тухайн газрын баяр наадмын үеэр аялавал бас арай илүү өндөр татвар төлдөг. Зохион байгуулалттай аялалын хувьд нэг тийм хэцүү тал нь энэ л дээ. Тухайн газар нь хэр сонирхолтой байгаагаас аялалын хугацаа шалтгаална. Чи нэг газрыг 7 хоногт судалж, ойлгож чадна гэдэг хэцүү. 

Бидэнтэй цаг гаргаж ярилцсанд баярлалаа, танд  амжилт хүсье. 

Баярлалаа, та бүхэнд ч мөн адил амжилт хүсье. 

Ярилцсан: Mongolia Today 

Ангилал : Соёл урлаг
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх