Бизнес, эдийн засаг 14 үзсэн 0 үнэлгээ

Дэлхий даяар бараа, бүтээгдэхүүний үнэ өсчээ

Б. Эсүхэй

2021.11.09

Бараа бүтээгдэхүүний үнэ зөвхөн Монголд л өсөөд байна уу? Шалгаад үзье


Дан ганц Монголд л бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд байна уу гэвэл үгүй ажээ. АНУ-д түлш шатахуун, хүнсний бараа бүтээгдэхүүн болон автомашины үнэ өсөөд байгаа бол ОХУ-ын төв банк үнийн өсөлтийн эсрэг бодлогын хүүгээ нэмэгдүүлээд байна. Том зургаар нь харвал дэлхийн ихэнх улс оронд өнгөрсөн 10-р сард үнийн өсөлт ихээр явагдаж сүүлийн 10 жилд байгаагүй өндөр түвшинд хүрчээ

АНУ-ын тухайд бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт нь эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдаж, доголдол үүссэнээс шалтгаалж бий болсон байна. Энэхүү тэнцвэрийг эргээд хэвийн түвшинд нь аваачихад багагүй хугацаа шаардлагатай талаар Goldman Sachs банкны эдийн засагчид үзэж байгаа юм. Тус улсын Худалдааны яамнаас мэдээлж буйгаар өнгөрсөн 9-р сард инфляцын түвшин 5.4%-д хүрсэн нь сүүлийн 30 жилд байгаагүй хурдацтай өссөн явдал байв. Судалгаанаас үзэхэд ирэх онд бараа, бүтээгдэхүүний үнэ 5.7%-иар өсөх хүлээлттэй байгаа ба энэ нь 2013 оноос хойших хамгийн өндөр дүн аж.

Харин ОХУ-ын хувьд өнгөрсөн 10-р сард төв банкнаас бодлогын хүүгийн түвшинг 7.5%-д хүргэх шийдвэр гаргасан нь он гарснаас хойших 6 дахь удаагийн бодлогын хүүг нэмэгдүүлсэн үйл явдал байлаа. Учир нь инфляцын түвшин 2016 оноос хойш байгаагүй өндөр түвшинд хүрсэн нь бодлогын хүүг нэмэгдүүлэх шалтгаан болж байгаа юм. ОХУ-ын хувьд цаашид инфляцын зорилтот түвшинг 4%-д барихаар төлөвлөж буй бөгөөд одоогоор инфляцын түвшин 7.8% байгаа ажээ. 

Монгол Улсын хувьд инфляцын түвшин зорилтот түвшнээс 3.6 пунктээр өндөр буюу 9.6%-д хүрээд байна. Энэ оны эхэнд инфляцын түвшин 2.4%-тай байсан бол одоо даруй 4 дахин нэмэгджээ. Хилийн боомтууд хаасантай холбоотойгоор цаашид ч бараа бүтээгдэхүүний үнэ өсөх магадлал өндөр байна.   

үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх