Хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсрол

Б. Энхмаа

2021.11.09

21-р зуунд чухал мэдлэгийн нэг болох хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсролын тухай танд өгүүлье.


Бичиг үсгийн мэдлэг нь зөвхөн уншиж, бичихээр хязгаарлагдахгүй. Үүн дээр нэмээд “Media and Information literacy” буюу “Хэвлэл мэдээлэл ба мэдээллийн боловсрол” хэмээх чухал ойлголт бий. Ялангуяа мэдээлэл технологийн эрин энэ зуунд хүн бүр хэвлэл мэдээлэл ба мэдээллийн хэрэгслийн талаар тодорхой ойлголттой байх, хэвлэл мэдээллийн бүхий л хэлбэрийг хэрхэн ашиглах талаар мэдлэг эзэмших хэрэгцээ үүсэж байна.

2018 онд Дойче Велле академи “Мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн тухай суурь мэдлэг” хэмээх сургагч багш нарт зориулсан практик гарын авлага гаргасан. Тэрхүү гарын авлагад ийнхүү тодорхойлжээ. 

 “Бичиг үсгийн боловсрол” гэдэг нь унших, бичих чадвар бол мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн боловсрол” бол олон янзын мэдээллийн хэрэгслийг бүрэн ашиглах чадвар юм. Мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн тухай суурь мэдлэг эзэмшинэ гэдэг нь мэдээллийн хэрэгслийг олж авах, мэдээллийн агуулгад дүн шинжилгээ хийх, шинэ мэдээлэл үүсгэх, мэдээллийн агуулгын талаар тунгаан бодох, мөн мэдээллийн дагуу шийдвэр гаргах, арга хэмжээ авах зэрэг олон чадвар эзэмшсэн байхыг хэлнэ.

Мэдээлэлд “тайлагдсан” хүмүүс сонин, сэтгүүл, ном, радио, телевиз, зарлалын самбар, видео тоглоом, дуу хөгжим, интернет, нийгмийн сүлжээ болон бусад бүх мэдээллийн хэрэгслээр олж мэдсэн мэдээллийнхээ агуулгыг илүү сайн ойлгох чадвартай байхын зэрэгцээ мэдээллийг өөрсдөө бий болгож чаддаг.

Хоёр жилийн өмнө Хэвлэлийн Хүрээлэнгээс ЕБС-ийн 7-11 дүгээр ангийн сурагчдын хэвлэл мэдээлэлтэй харилцах суурь мэдлэг, ойлголтын түвшин, хэрэглээний онцлогийг тодруулах судалгаа явуулсан байна. Судалгааны үр дүнд 12-17 настай дунд сургуулийн хүүхдүүдийн  92% интернетээс гол мэдээллээ авдаг хэмээн хариулжээ.

Мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн тухай суурь мэдлэг нь олон оронд дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт орсон байдаг. Харин манай улсад хараахан ийм хөтөлбөр байхгүй.

Монголд сүүлийн 10 орчим жил энэ талаарх мэдлэгийг олон нийтэд түгээх ажлыг хийж байна. Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс ЮНЕСКО, Шведийн Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлаг болон ХБНГУ-ын Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр Монголд анх удаа “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” Үндэсний форумыг 2019 онд зохион байгуулж байсан.

Мэдээллийн хэрэгслийн технологи хурдацтай хөгжиж байгаа, мөн хэвлэл мэдээллийн тогтолцоо байнга өөрчлөгдөж байдаг тул мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн тухай суурь мэдлэгтэй байх нь дэлхий дахинаа чухалд тооцогддог болов. Боловсролын салбарынхан мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн тухай суурь мэдлэг олгох нь олон янзын зүйлд шүүмжлэлтэй хандах сэтгэлгээг хөгжүүлэх нэн чухал гэж үзэж байна.

2012 оноос хойш жил бүрийн Аравдугаар сард ЮНЕСКО-гийн MIL холбооноос Дэлхийн хэвлэл мэдээлэл ба мэдээллийн суурь боловсролын долоо хоногийг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн боловсролыг бүх нийтэд түгээх уриалга гаргаад байгаа юм.

Бид мэдээллийн боловсролтой болсноор хэрэгцээтэй мэдээллээ хаанаас хэрхэн олж авахаа мэддэг, мэдээллийн эх сурвалжийг үр дүнтэй ашигладаг, нягталдаг, аливаа мэдээлэлд шүүн тунгаах байр суурьнаас ханддаг, мэдээллийг үнэлж дүгнэдэг, бас хариуцлагатай ёс зүйтэй иргэн байх боломжтой юм.

Ангилал : Боловсрол
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх