Чи юун сүртэй юм бэ?

Ariuna Lkhagva

2021.10.09

Чи одоо юун сүртэй юм бэ? гэдэг үгийг та хэн нэгэнд хэлж байсан нь их үү? Сонсож байсан нь их болов уу? Та өөрөө ч мэдэлгүйгээр бусдад төвөг уддаг болов уу? Таны хувьд энгийн байдаг л зүйл их хотын амьдралд бусдад төвөг учруулдаг юм биш биз? Авто машинд явахдаа хүүхэдтэйгээ хамт урд суудалд хамгаалах бүс хэрэглэхгүй сууж явах нь хамгийн хайртай хүнээ эрсдэлд оруулж байгаа гэдгээ та мэддэг үү?Хөдөө хээр дуртай газраа нусаа нийж, шүлсээ хаяж хэвшсэн бол одоо хотод бол тийм зүйл бусдад тун муухай харагдана. Айл бүр хогоо орц лифтэнд хаяхгүйгээр зориулалтын газар нь хаяж байвал танай орцноос хогны муухай үнэр үнэртэхгүй цэвэрхэн байна шүү дээ. Дэлгүүрийн кассан дээр дугаарлахдаа урд хүнээсээ нэг алхмын зайтай зогсвол тун зүгээр. Би түрүүн энд дугаар захиад явсан юм гэдэг ойлголт байхгүй. Бүгд л дугаарлаж үйлчлүүлнэ. Лифт дуудах товчийг дээшээ явах бол дээшээ, доошоо явах бол доод сумыг дарна. Түүний дараа бууж байгаа хүмүүсээ гаргаад орох учраас таны урд ирсэн хүмүүс лифтны хаалганаас зайтай зогсоод байгаа болохоор дайрч урдуур нь чихэж болохгүй. Яг л дэлгүүрт дугаарлаж үйлчлүүлдэг зарчмаар зорчино.

Олон нийтийн газар утсаараа юм үзэхдээ дууг нь хаах юм уу, чихэвч заавал зүүж байж үзнэ. Хүүхэддээ бол олон нийтийн газар утсаа өгч юм үзүүлэхгүй байх хэрэгтэй. Утас гэснээс олон хүн байгаа газар аль болох аяархан бусдад төвөг болохгүй хурдхан ярих хэрэгтэй байдаг. Эмийн санд таны урд үйлчлүүлж байгаа хүний дараа нь асууж лавлах зүйлээ асууж үйлчлүүлэх  хэрэгтэй. Бусдын машиныг хааж тавиад утасны дугаараа үлдээх хангалттай биш. Аль болох хурдан гарч очоод холдуулах, төвөг удсан болохоор мэдээж найрсгаар уучлалт гуйх хэрэгтэй. Танаас юу ч холцорч унахгүй шүү дээ. Сүүлийн үед гадны сүлжээ газрууд нэмэгдээд үйлчилгээний соёл эрс дээшилж байгаа. Дэлгүүрт таныг ороход мэндлээд тавтай үйлчлүүлэхийг хүснэ.Та хүн мэндэлж байхад тоохгүй, дуугарахгүй байх нь нөгөө хүнд ямар санагдах бол?

АТМ, ТҮЦ машинаар үйлчлүүлэхдээ урдах хүнээс аль болох зайтай зогсох хэрэгтэй. Та хүний хувийн нууцыг мэдэх тагнуулын даалгавар аваагүй л бол заавал хол зогсохыг дахин сануулж байна. Бусдад төвөг болохгүй байх нь эргээд танд хүн төвөг болохгүй байна гэдэг талаас нь та бүхнийг бодох хэрэгтэй. Их хотод бүгд дураараа байвал юу болох билээ? Хамгийн гол нь хүн хүнээ хүндлэх хүндлэл байвал бид их хотдоо уур уцааргүй, сэтгэл дүүрэн амьдрах билээ. 

Ангилал : Боловсрол
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх