Монгол анх удаа ногоон барилгын гэрчилгээтэй боллоо

Ariuna Lkhagva

2021.10.13

Олон улсын пассив барилгын бүртгэлд Монгол улсаас анх удаа эрчим хүчний хэмнэлттэй сууцаар Ганданд баригдсан 70 мкв амины орон сууцыг бүртгэжээ. Энэхүү эрчим хүчний хэмнэлттэй байшин нь ХБНГУ-ийн Засгийн газар, Швейцарийн Хөгжлийн Агентлаг болон Улаанбаатар хотын захиргаанаас хамтран хэрэгжүүлсэн GIZ-ийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд 2021 онд баригдаж МУИС, Сэргээгдэх Эрчим Хүчний лабораторийн инженерийн баг хамт олон хийж гүйцэтгэжээ. Уг пассив хаус нь өнөөгийн барилгын стандартаас ойролцоогоор 10 дахин өндөр үзүүлэлттэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүртэй орон сууц юм. Үүнээс гадна тус сууцны цонх, хана, хаалга, агааржуулалтын дулаан алдагдалыг урт хугацаанд хэмжиж, эрчим хүчний өндөр хэмнэлттэй болохыг нотлож, анализ үнэлгээ хийсэн юм. Өнөөгийн байдлаар дэлхий дахинаа Пассив барилгын мэдээллийн санд албан ёсоор бүртгүүлсэн 5172 барилга байдаг байна. 

EDGE гэрчилгээ гэж юу вэ? 

Дэлхийн банкнаас анх санаачлан гаргаж байсан уг сертификатийг энергийн эх үүсвэрийн хэмнэлттэй ногоон барилга байгууламжид олгодог.  Тийнхүү энергийн үр ашигтай шийдэл бүхий барилгыг хурдан, амар бөгөөд боломжийн үнээр хийх зах зээлийг бий болгохоор ажилладаг юм. Өдгөө дэлхийн 160 гаруй оронд энэхүү сертификатыг олгоод байна. 

Монголчууд хот суурингийн утаа, агаарын бохирдлоос салахын тулд зуухаа өөрчилж, түлшээ сайжруулж байгаа хэдий ч асуудлаа бүрэн шийдэж чадаагүй. Шахмал түлш ашиглаад 2 өвлийг үзсэнээр нарийн ширхэгт тоосонцор PM2.5, PM10 буурсан сайн талтай боловч, Хүхрийн исэл (SOx) ДЭМБ-ын зөвлөмжөөс 20 дахин муу үзүүлэлттэй болсон. УБ-ыг Хүхэртийн хөндий гэж нэрлэдэг болсон. Монголчууд бид галаар өрдөж биш, сууцаа 4-5 дахин илүү дулаалж байж утаагүй болно гэдгийг дээрх Гандангийн сууцны жишээгээр ойлгож эхэлж байгаа. Утаа, орчны бохирдлыг арилгаж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үндсэн шийдэл нь эрчим хүчний хэмнэлттэй Пассив барилгын технологийг үе шаттай нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлэх явдал гэж бид үздэг. Төр засгаас бодлогоор дэмжих шаардлагатай зүйлс бол 1) Эрчим хүчний хэмнэлттэй сууцанд урамшуулал, хөнгөлөлт олгож дэмжих, 2) Барилгын дулаан хамгаалалтын норм дүрмийг үе шаттай төлөвлөгөөтэй чангатгах, 3) Барилгын гүйцэтгэгч багийн ур чадварыг сайжруулах хэмээх уг төслийн инженер, МУИС -ийн Хэрэглээний ШУ, Инженерчлэлийн Сургууль (ХШУИС)-ийн багш, Эрчим хүчний хэмнэлттэй Пассив барилгын ОУ-ын зөвлөх, Сэргээгдэх Эрчим Хүч (СЭХ)-ний лабораторын эрхлэгч А.Амарбаяр хэлсэн юм.

Зарим эх сурвалжийг: barilga.mn

Ангилал : Технологи
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх