Улаанбаатар хотын түгжрэл ба нисдэг машин

Ariuna Lkhagva

2021.10.15

Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй хэн хүнд тохиолддог нийтлэг асуудал бол замын түгжрэл. Магадгүй та яг одоо хотын түгжрэл дунд сэтгэл хямран, бухимдан суугааг үгүйсгэх аргагүй. Ийн цаг нөхцөөн суухдаа нисдэг машинтай ч болоосой гэж бодож байв уу?


Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй хэн хүнд тохиолддог нийтлэг асуудал бол замын түгжрэл. Магадгүй та яг одоо хотын түгжрэл дунд сэтгэл хямран, бухимдан суугааг үгүйсгэх аргагүй. Ийн цаг нөхцөөн суухдаа нисдэг машинтай ч болоосой гэж бодож байв уу? Тэгвэл одоогоос 100 гаруй жилийн өмнө нисэх онгоц бүтээгдэж эхэлсэн цаг үетэй зэрэгцэн нисдэг автомашин бүтээх оролдлого сууриа тавьж, өнөөдрийг хүртэл эрчимтэй хөгжсөөр ирсэн. Энэ хугацаанд нийт 300 гаруй нисдэг машины загвар бүтээгдэж, туршилтын хүрээнд ашиглагдсаар байна. Технологийн хувьд нисдэг машин ердийн хэрэглээнд нэвтрэхэд хэдийнээ бэлэн болсон ч үнэ өртөг болоод бүтээгдэхүүнийг хүлээн авах нийгмийн хандлага байр суурь тодорхой хэмжээнд асуудал дагуулсан хэвээр байна. Тэгвэл бидний өдөр тутмын хэрэглээндээ хүлээн авахад харьцангуй дасан зохицсон салбар бол ерөнхий зориулалтын нисэх онгоц буюу агаарын хөлгийн орон зай, бага оврын нисэх онгоцны талаар дэлгэрүүлэн авч үзье. 

Ерөнхий зориулалтын нисэх онгоцний тухай ерөнхийд нь:

Бидний өдөр тутмын хэрэглээндээ хүлээн авахад хэдийн бэлэн болсон ерөнхий зориулалтын нисэхийн салбарыг хөгжүүлснээр, хөдөө орон нутагт төрийн зайлшгүй үйлчилгээний хүртээмж сайжирч, эргээд иргэдэд орон нутагтаа суурьших таатай нөхцлийг бүрдүүлж, хот суурин газарт төвлөрөх хандлагыг бууруулах стратегийн томоохон ач холбогдолтойг мэргэжилтнүүд зөвлөдөг. Түүнээс гадна бага оврын нисэх онгоцонд үнэтэй тоног төхөөрөмж, нийлүүлэлтийн нөөц шаардлагагүйн дээр маш бага дэд бүтэц хэрэглэгддэг тул илүү бага зардлаар илүү хурдтай, ашигтай нисэх боломж, нөхцөл байдлыг бүрдүүлдэг. Ерөнхий зориулалтын нисэхийн салбарыг уул уурхайн компанийн захиалгат нислэг, агаараас зураг авалт, эмнэлгийн яаралтай тусламж, зам, тээврийн сүлжээний эргүүл, хяналт, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл, эрэн хайх, авран туслах ажиллагаа, хөдөө аж ахуй, хортон шавьж устгал, ан амьтны тооллого, тэдгээрийн нүүдэл, суурьшлын судалгаа, цаг агаарын тандалт, судалгаа, агаар, хүрээлэн буй орчны тандалт, аялал жуулчлал, эйр такси, бизнесийн болон хувийн нислэг зэрэг олон чиглэлээр хөгжүүлэх нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой юм. Ерөнхий зориулалтын нисэх салбарыг өнөөдрийн тулгуур сэдэвтэй хамаатуулан хотын түгжрэлтэй холбон авч үзвэл, эйр такси чиглэлээр хөгжүүлэх нь түжрэлийг шийдэх томоохон гарц болж чадах. Магадгүй албан байгууллага, аж ахй нэгжүүд албан хаагч, ажилтнуудаа нэгдсэн нэг төвлөрөл, шийдлээр ажилд нь агаарын замаар хүргэх, авах боломжоор хангаж өгөх, эйр такси стандарт бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр Улаанбаатар хотын түгжрэлийн асуудалд бодитой хувь нэмэр оруулах олон талын боломж бололцоо нээлттэй байна…

Ерөнхий зориулалтын нисэх онгоц Монголд:

Иргэний нисэхийн салбарт 7 аж ахуйн нэгж, хувь хүн бага оврын нийт 17 агаарын хөлөг, нисдэг тэрэг улирлын чанартай үйл ажиллагаа явуулж, нисэгч бэлтгэдэг 1 хувийн нисэх клуб ажиллаж байна. Өнөөгийн байдлаар орон нутгийн нисэх буудлууд ерөнхий зориулалтын агаарын хөлгийн шатахууныг хангаж байгаа бөгөөд орон нутагт байнгын ажиллагаатай 10, нөөц 12 нисэх буудал байгаагийн 19 нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяанд, 3 нь хувийн нисэх буудал байна.

          Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ, “Аэромонголия”, “Хүннү Эйр” компани энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа болон бусад агаарын хөлөг эзэмшигчид байгууллага болон хувийн хэрэгцээнд нислэг үйлддэг аж. Тухайлбал, “Топ Экстрим Экшин Монголиа” компани “МТО Sport” загварын агаарын хоёр хөлгийг аялал жуулчлалын салбарт ашигладаг бол “Тэнгэрийн улаач шинэ”, “Томас Эйр”, “А-Жет Авиэйшн”, “Блю Скай Авиэйшн”, “Геосан” зэрэг компани гадаадын болон дотоодын байгууллага, хувь хүний захиалгаар нислэг үйлддэг байна. 

      Онгоцны төрлөөс хамааран түрээсийн үнэ нэг цагийн 1500-4000 ам.доллар байдаг. Энэ нь олон улстай харьцуулахад 30 хувиар өндөр үзүүлэлт аж.   

Мөн хувиараа нисгэгч болохыг хүссэн иргэдэд зориулсан сургалт зохион байгуулдаг компаниуд байдаг бөгөөд хувийн онгоцтой болохыг хүсвэл хамгийн багадаа  50 мянган ам.доллартай байх хэрэгтэй гэнэ шүү. Манай улсад цаг агаарын нөхцөл эрс тэс, уур амьсгалын өөрчлөлт тотворгүй байдаг ч жилийн 365 хоногоос 250 өдөрт нь бага оврын агаарын хөлөг нислэг үйлдэх боломжтой. Жилд дунджаар 500-700 цаг ниснэ гэж тооцоолбол жилдээ нэг онгоц 200 мянган ам.долларын ашиг олох боломжтой гэсэн судалгаа байна.

Энэхүү агаарын хөлгүүдийг жолоодогч 146 нисгэгч байдгаас үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ-д 42 нисгэгч харьяалагддаг бол “Хүннү Эйр” компанийн “Fokker-50” загварын гурван онгоцыг 35 нисгэгч жолооддог байна. Харин компанийн харьяалалгүй болон нислэгт гардаггүй 23 нисгэгч байдаг гэсэн судалгааг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргажээ. Үүнээс гадна ИНЕГ-ын зардлаар дэлхийн 12 улс оронд 19 мэргэжлээр нийт 114 оюутан суралцаж байгаа аж. Манай улсаас нэг нисэгч 80-100 мянган ам.доллар төлж гадаад нисэхийн сургалтад хамрагддаг байна.

Ерөнхий зориулалтын нисэх салбар олон улсад: 

Манай улстай хүн амын тоо ойролцоо буюу 4.7 сая хүн амтай, газар нутгийн хэмжээгээр манайхаас 15 дахин бага Шинэ-Зеланд Улсад 4900 гаруй ерөнхий зориулалтын агаарын хөлгөөр ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаа явуулж байна. АНУ-д 230 мянга гаруй ерөнхий зориулалтын агаарын хөлөг ажиллаж, 1,2 сая хүн ажлын байртай, 5 жилийн дотор 150 сая ам.долларын баялаг бүтээсэн жишиг ч байна. Ерөнхий зориулалтын нисэхийн үйлдвэрлэгчдийн холбооны судалгаагаар 2016 оны жилийн эцсийн байдлаар дэлхий даяар 416.0 мянга гаруй ерөнхий зориулалтын агаарын хөлөг ашиглаж байна. Эдгээрээс АНУ-д 210.0 мянга, Европын Холбооны нутаг дэвсгэр дээр 140.0 мянга гаруй ерөнхий зориулалтын агаарын хөлөг нислэг үйлдэж, 1.1 сая ажлын байр бий болгож, дэлхийн эдийн засагт 219.0 тэрбум доллар оруулсан гэсэн тооцоо, судалгаа гарчээ. Дэлхий даяар хийгдэж буй нийт нислэгийн 90 орчим хувь нь ерөнхий зориулалтын нислэг байдаг бөгөөд 400 мянга гаруй онгоц, 1.3 сая нисгэгч энэ салбарт харьяалагдаж байна…

Ерөнхий зориулалтын нисэх онгоц ба эрх зүйн орчин 

Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д “Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх” зорилтыг тодорхойлсон. Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Жижиг нисэх онгоц, нисдэг тэрэгний зах зээлийг хөгжүүлж, гамшгаас хамгаалах, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ, иргэний агаарын тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр ашиглана.” гэсэн зорилтыг тусгасан. Мөн манай улс Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар зөвхөн зорчигч тээврийн агаарын хөлөг, түүний сэлбэгийг татвараас чөлөөлж байгааг өөрчилж, ерөнхий зориулалтын агаарын хөлөг, тэдгээрийн сэлбэгийг мөн татвараас чөлөөлөх, хөнгөлөх эрх зүйн орчныг бүрдүүлсэн нь энэ салбарын хөгжлийг дэмжих чухал алхам болсон.

          Иргэн, аж ахуйн нэгж иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх бол, агаарын хөлгөөр нислэгийн үйл ажиллагаа эрхлэх; аэродром, нисэх буудлын үйлчилгээ эрхлэх; агаарын хөлгийн засвар, үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийг заавал авсны үндсэн дээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ. Эдгээр тусгай зөвшөөрлийг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Иргэний нисэхийн багц дүрмийн дагуу олгоно. Иргэний нисэхийн үйл ажиллагааг Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн зохицуулахдаа Иргэний нисэхийн багц дүрмийг баримтална. 

        Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмчлөлд байгаа иргэний агаарын хөлгийг гадаад улсад бүртгүүлээгүй бол Монгол Улсын бүртгэлд бүртгүүлж үндэсний таних тэмдэг, бүртгэлийн гэрчилгээ авна. Иргэний агаарын хөлгийг ашиглалтаас хассан, гадаад улсад шилжүүлсэн тохиолдолд улсын бүртгэлээс хасна. Иргэний агаарын хөлгийг улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах үйл ажиллагааг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн гүйцэтгэнэ. Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгийг даатгуулна.

           Агаарын хөлгөөр нислэг үйлдэхэд, агаарын хөлөг болон агаарын хөлгийн баг нь Иргэний нисэхийн багц дүрэмд заасны дагуу нислэгт бэлтгэгдэж, нислэг үйлдэх зөвшөөрөл авсан байх; тухайн төрлийн агаарын хөлгийг нисгэх эрх бүхий нисэх багтай байх; нислэг үйлдэх агаарын хөлөг нь агаарын хөлгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, хөлгийн дотоод бүртгэл, радио станцыг ашиглах зөвшөөрөл зэрэг баримт бичгийг бүрдүүлсэн байх шаардлагыг хангасан байна. 

Нисдэг машины туршилтууд дэлхийд

Жетсонс (The Jetsons) хэмээх хүүхэлдэйн кино дэлгэцэнд гарсан 1962 оноос хойш нисдэг машин Америкчуудын сонирхлыг ихээхэн татсаар иржээ. Блэйд Раннер (Blade Runner) зөгнөлт киноны анхны хувилбар нь Лос Анжелос хотийн 2019 оны дүр төрхийг харуулах бөгөөд хүчлийн бороо орж, олон нисдэг машинууд тэнгэрт дүүлэн байгаагаар дүрслэгддэг. 1982 онд уг кино гарснаас хойш технологи маш хурдацтайгаар хөгжиж, яг үнэндээ тэрхүү зөгнөлт кинонд гардаг нисдэг машинууд өнөөдөр бодитоор үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд бидний харилцах, ажиллах, амьдрах хэв маягийг тодорхойлоход ойрхон байна. 

Германы Волокоптер хэмээх компани цахилгааны эх үүсгэвэртэй, нисгэгчгүйгээр явах боломжтой Волосити хэмээх агаарын таксиний лицензийг анх удаа авч, түүнийгээ зах зээлд танилцуулаад байна. Энэ нь үйлчлүүлэгчиддээ яг Хар Убер (Black Uber) шиг дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлнэ хэмээн Волокоптерийн олон нийттэй харилцах албаны дарга Фабиан Нестман хэлжээ. 

Энэхүү загвар нь одоогоор нэг зорчигч тээвэрлэх боломжтой бөгөөд зардлын хувьд өндөр тусч байгаа юм. Гэвч бүрэн автоматжсан, цахилгаанаар ажилладаг, далавчгүй агаарын тээвэрт зорчигчид шилжихээс өмнө тэдний итгэлийг эхлээд олж авах хэрэгтэй болсон байна. Энэхүү нисдэг такси нь эгц дээшээ хөөрч, буудаг бөгөөд зорчигчдыг томоохон хотуудын хооронд төлөвлөсөн маршрутын дагуу хүргэх үйлчилгээ үзүүлнэ. Волосити анхны нислэгээ 2022 онд хийхээр төлөвлөөд байна. Сингапур улс болон Парис хотынхон энэхүү нисдэг таксигаар үйлчлүүлэх хүсэлтээ аль хэдийнэ өгчээ. 

Одоогоор нислэгийн тасалбарын өртөг нэг хүний 300 евро (270 паунд, 350 доллар) болохоор байна. Гэхдээ Нестман, “Манай компанийн зорилго бол Үбер Блактай өрсөлдөхүйц, илүү хямд өртгөөр зорчигчдод үйлчлэх. Бид үүнийг баячуудын тоглоом байлгахыг хүсэхгүй байна. Харин хотод амьдардаг хүн бүхэнд зориулсан цогц аялалын нэг хэсэг байлгахыг хүсч байна. Хүн бүхэнд алхах, жолоодуулах, нисэх сонголтуудыг өгөх хэрэгтэй” хэмээн хэлсэн байдаг. 

Энэхүү нисдэг такси нь яг Блэйд Раннер дээр гардаг шиг биш ч хөгжүүлэлтийн явцад тийм болох бүрэн боломжтой. Одоогийн онгоцтой харьцуулахад жижигхэн, далавчны оронд эргэлдэгч сэнс байх тул шууд эгц дээшээ хөөрөх, буух боломжийг олгодог ажээ. Хамгийн гол нь эдгээр агаарын нисдэг машин нь уламжлалт тээврийн хэрэгслийг бодвол илүү хурдан хугацаанд зорчигчийг хүссэн газар нь хүргэнэ, ялангуяа замын түгжрэл ихтэй том хотуудад илүү ашигтай хэмээн үзэж байна.

Иймэрхүү туршилтуудыг дэлхий дээр хэд хэдэн старт-ап компаниуд хийж байна. Үүний нэг болох Японы спарт-ап Скайдрайв нь Тоёото корпорацтай хамтран гаргасан дэлхийн хамгийн жижигхэн, эгц дээшээ хөөрч, буудаг нисдэг цахилгаан таксиныхаа туршилтын нислэгээ үйлдсэн юм. Өнгөрсөн зун тэд  SD-03 загварын нисдэг таксигаа гаргаж хэдэн минутын турш агаарт хөөргөж үзүүлсэн. Тоёота энэхүү нисдэг таксиныхаа үйлчилгээг 2023 оноос зэх зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

 

Цаашид агаарын таксинд зориулсан буух, хөөрөх талбайг өндөр байшингийн орой дээр суурилуулахад тохиромжтой гэж үзэж байна. 2030 он гэхэд та нэг товчлуур дараад л нисдэг таксины үйлчилгээг авах боломжтой болж магадгүй юм. Хэдийгээр бид метро, хувийн тээврийн хэрэгслүүдийг зах зээлээс халж чадахгүй ч, эдгээр цахилгаан машины тусламжтайгаар тэдний ул мөрийг багасгах, бидний экосистем болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд буй агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэж үзэж байгаа ажээ.

Дашрамд дурьдахад Улаанбаатар хотын зам тээврийн хөдөлгөөнд өдөрт дунджаар 500,000 тээврийн хэрэгсэл оролцдог. Замын хөдөлгөөний хамгийн оргил үе нь 17-20 цагийн хооронд байдаг. Улаанбаатар хотын иргэд замын хөдөлгөөнд өдөрт дунджаар 2.5 цаг зарцуулдаг гэж судалгаагаар гарсан байна. Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд оролцож байгаа нийтийн тээврийн хурд 13 км/ц, оргил ачааллын үедээ 8.9 км/ц байдаг. Дэлхийн стандартаар 10 км/ц хүрвэл “тэг” зогсолт гэж үздэг аж. Харин дэлхийн хамгийн их хүн амтай улс болох Энэтхэгийн Бенгалуру хотод явж буй тээврийн хэрэгслийн дундаж хурд түгжрэлийн ид оргил үедээ 4 км/цаг хүрдэг байна. 

Эрх баригчид Улаанбаатарчууд биднийг 2017 онд метротой болно хэмээн хэлж байсан ч метро бүү хэл, замын түгжрэл өнөөдөр хэд дахин нэмэгдлээ. Харин дэлхийн бусад орон метроны асуудлаа аль эрт шийдээд, нисдэг такси туршин, тун удахгүй нисдэг таксигаар хүссэн газраа хэдхэн минутын дотор очдог болох нь. 

Ангилал : Технологи
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх