Уур амьсгалын тухай хэлэлцэх олон улсын “COP26” хурал эхлэхэд цөөн хоног үлдлээ

Ariuna Lkhagva

2021.10.18

Дэлхий дээр цаг уурын өөрчлөлтөөс үүдэж буй маш олон байгалийн гамшгууд тохиолдож, аюул нүүрлээд байгаа цаг дор улс орнууд хоорондоо нэгдэж, дэлхийнхээ эрүүл мэндэд анхаарч байгаагийн нэг жишээ нь энэхүү КОП26 олон улсын хурал юм.


Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэдэг үгийг сонсоогүй хүн бараг үгүй. Сүүлийн жилүүдэд Бразил, Сибирь, Итали, Туркэд болоод буй ойт хээрийн түймэр бүгд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт хуурайшилтаас болж буй гэдгийг бид мэдэх болсон билээ. Дэлхий дээр цаг уурын өөрчлөлтөөс үүдэж буй маш олон байгалийн гамшгууд тохиолдож, аюул нүүрлээд байгаа цаг дор улс орнууд хоорондоо нэгдэж, дэлхийнхээ эрүүл мэндэд анхаарч байгаагийн нэг жишээ нь энэхүү КОП26 олон улсын хурал юм. НҮБ-ийн Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенцоос жил бүр зохиогддог 26-р Талуудын Бага Хурал буюу КОП26 11 сарын 1 өдөр Шотландын Глазгоу хотод эхлэх гэж байна. Дэлхийн температур хэт дулаарснаар цаг уурын горим өөрчлөгдөж, эрдэмтэн судлаачид чадах чинээгээрээ төрөл бүрийн арга хэмжээ авч байгаа ч бидний таамаглахааргүй маш олон байгалийн өөрчлөлтүүд гарах төлөвтэй байна. Хүн төрөлхтөнд нүүрлэх хамгийн гол асуудал нь бидний олон мянган жил аж төрсөөр ирсэн газар нутагтаа амьдрах боломжгүй болж, амьтан, ургамал мөхөх, сүйдэх эрсдэл буюу биологийн олон төрөл зүйл устаж үгүй болоход ойрхон байна. Энэ жилийн КОП26 олон улсын хэлэлцүүлгээр хүлэмжийн хийн ялгарлаа хэрхэн бууруулах вэ? Үүнд түүхий нүүрснээс шат дараатайгаар татгалзах ажлаа хурдасгах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, цахилгаан тээвэр, ойн усгалыг багасгах, дасан зохицох, хөрөнгө босгох, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх гэх мэт зүйлсийг ярилцах ажээ.

Энэхүү хуралд Парисийн хэлэлцээрт оролцож, түүнд элсэн орсон 197 орон оролцож санал сэтгэгдлээ солилцох юм. Парисийн хэлэлцээр нь “Киотогийн протокол”-ын дараах дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хууль ёсны хоёр дахь хэлэлцээр болж байгаа юм. Парисын хэлэлцээр нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулж, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох, дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад хоёр хэмээс хэтрүүлэхгүй байж улмаар 1.5 хэмд хязгаарлах амлалтыг дэвшүүлсэн түүхэн ач холбогдолтой олон улсын хэмжээний баримт бичиг юм. Мөн 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бүрэн зогсоох зорилтыг тавьсан билээ. Ингэхийн тулд дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтад нөлөөлж буй метаны хий, нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг хорт зэргийг байгальд их хэмжээгээр ялгаруулдаг хүнд үйлдвэрлэл, нүүрсний хэрэглээг эрс багасгаж аль болох байгальд ээлтэй энергийн эх үүсвэрийг ашиглахыг улс орон хичээн ажиллаж байна.

Монгол улс ч мөн энэхүү Парисийн хэлэлцээрт 2015 онд нэгдэн орсон бөгөөд нийт хүлэмжийн хийн ялгарлаа 14 хувиар бууруулах байсныг нэмэгдүүлэн 22.7 хувь болгосон байдаг. Манайд хүлэмжийн хий ялгаруулдаг гол 4 салбар байдаг гэж үзсэн бөгөөд эрчим хүчний салбар нийт хийн ялгарлын 50 хувийг эзэлж, хөдөө аж ахуй салбар 48 хувийг эзэлдэг бол, аж үйлдвэр ба хог хаягдлын салбарууд нийлээд ердөө 1.4 хувийг нь л эзэлдэг байна. Монгол улсын зүгээс эдгээр амлалтандаа 2030 он гэхэд хүрэх ёстой бөгөөд үүнд мэдээж хувь хүн, албан байгууллагын хичээл зүтгэл маш чухал.

Манай улсын хүлэмжийн хийн ялгарлын хамгийн их хувийг эзэлж буй хөдөө аж ахуйн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс танилцуулахад, (1) малын тооны өсөлтийг хязгаарлах, бууруулах, (2) малын өтөг шивхийн менежмент боловсронгуй болгох, (3) бэлчээр, хөрс хамгаалахад чиглэсэн арга хэмжээнүүд хамрагдсан байна.

Уур амьсгалын өөрчлөлтөд орж, түүний үр дагаврыг хүртээд буй орнуудын тоонд Монгол улс зүй ёсоор орж байгаа бөгөөд сүүлийн 70 жилд жилийн дундаж температур 2 хэмээр нэмэгдсэн, үүнийг дагаад мөнх цаст уулсын цас мөс хайлах, ган гачиг, зуд турхан, шороон шуурга гэх мэт байгалийн үзэгдэл өмнөх үеийнхээс давтамжийн хувьд нэмэгдсэн гэж судлаачид үзэж байна.

Ангилал : Дэлхий
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх