Өөрийгөө ялсан Рэйд Грэйв

Ariuna Lkhagva

2021.10.07

Олимпийн түүхэн дэх амьд домог, сэлүүрт завины бүх цаг үеийн шилдэг тамирчин Сир Стивен Жэффри Рэдгрэйв бол зуны олимпийн таван наадмаас (1984-2000) алтан медаль дарааллуулан хүртсэн 4 тамирчны нэг.


Олимпийн түүхэн дэх амьд домог, сэлүүрт завины бүх цаг үеийн шилдэг тамирчин Сир Стивен Жэффри Рэдгрэйв бол зуны олимпийн таван наадмаас (1984-2000) алтан медаль дарааллуулан хүртсэн 4 тамирчны нэг. Түүний өнөөг хүрсэн амьдралын түүх амжилтын оргил шигээ төгс байгаагүй нь Рэдгрэйвийг илүү тодотгож өгдөг болов уу. Тэр өөрийн өнгөрсөн амьдралын тухай төдийлөн ярьдаггүй ч үзүүлсэн амжилтын жагсаалт нь түүний тухай сонирхоход хөтөлдөг. Рэдгрэйв төрөлхийн унших чадваргүй, дислекс өвчний оноштой байсан тул сургуулийн орчин түүнд хязгарлагдмал байжээ. Харин түүний сургуулийн Англи хэлний багш Францис Смит анх Рэдгрэйв болон түүний ангийнханд сэлүүрт завиар хичээллэхийг санал болгосноор тэр амжилтанд хүрэх алхамаа хийсэн юм. Тэгэхэд тэр 13 настай байлаа. Түүнээс хэдхэн сарын дараа Бристолд болсон сэлүүрт завины уралдаанд түрүүлж энэхүү спортоор цаашид хичээллэх урмыг олж авсан гэдэг. Түүний оролцсон анхны олимп 1984 онд Лос Анжелес хотноо зохиогдсон XXIII наадам байсан бөгөөд сэлүүрт завины чиглүүлэгчтэй дөрвөлийн төрөлд алтан медаль хүртэж дараалсан амжилтаа эхлүүлсэн түүхтэй. Дараагийнх нь мэдээж 1988 оны Сөүлийн Олимп. Энэ удаад тэр чиглүүлэгчтэй болон чиглүүлэгчгүй хосын төрлөөр оролцож алт, хүрэл медалийн эзэн боллоо. Ийм амжилтанд хүрэхэд тийм ч амар биш гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэр ингээд зогссонгүй. Барселоны Зуны Олимпийн наадам эхлэхээс 2 сарын өмнө Рэдгрэйв бүдүүн гэдэсний шархлаатай болж хүндэрсэн тухай онош сонссон юм. Спорт сонирхогчид үүнд санаа зовниж байсан хэдий ч тэр өөрийн амжилтын салшгүй хэсэг болсон, хамтран зүтгэгч Мэтью Пинсентийн хамтаар чиглүүлэгчгүй хосын төрөлд аварга гэдгээ 1992 онд дахин нотоллоо. Тус олимпийн нээлтийн үеэр Их Британийн далбааг барьж жагссан Рэдгрэйв хүлээсэн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэсэн хэрэг. 1996 оны Атлантын олимпийг хүртэл шаргуу ажиллаж мөн л адил эхлүүлж амжилттай дуусгадгаараа дуусгасан. Харин сонирхолтой нь, тийнхүү 4 дэх алтан медалиа хүртсэнийхээ дараа тэрээр “Намайг завин дээр байхыг харсан хэн боловч намайг буудаж болно” гэж тангараг өргөсөн юм. Ингэж хэлсэн нь биеийн байдалтай нь ч холбоотой байсан байж болох. Учир нь олимпоос хойш, 1997 оны 9 сард 37 настай Редгрэйвт 2-р бүлгийн чихрийн шижингийн онош тогтоогдсон билээ. Тухайн үед тэр карьераа дуусгасан бол өнөөдрийн олон зүйлээс татгалзах байсан байх. Рэдгрэйв сайтар бодсоны эцэст, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн олимпоос 5 дах алтан медалиа авахын төлөө өөрийгөө чиглүүлсэн юм.

Ингээд эмнэлгийн сайн мэргэжилтнүүдийн хяналт, зөвлөмжийг даган Сиднейн Олимпод Пинсент, Тим Фостер, Жэймс Кракнэл нарын хамт оролцож чиглүүлэгчгүй дөрвөлийн төрөлд алтан медалийг авч олон үзэгчдийн эргэлзээг “үгүй” хийсэн. Чухамдаа, Сиднейн олимпийн өмнө түүнтэй хийсэн ярилцлага, сэтгүүлчдийн дунд асуулт болсоор байсан “Та 5 дах удаагаа ялах уу?” гэсэн асуултыг няцааж Рэдгрэйвийн “Тиймээ, би ялна” гэсэн хариулт биеллээ олсон нь түүний амжилтыг улам нэр хүндтэй болгосон гэж хэлж болно. Тэрхүү ялалтыг түүний багийн анд Пинсент дурсахдаа “Түүний амьдралд Сиднейн олимпийн 6 минут хамгийн чухал гэдгийг Редгрэйв мэдсэн. Тэр диабетээр өвчилсөн байсан ч өөрийн чаддаг бүхнээ хийсэн. Түүнийг ингэж их хүч гаргахыг би харж байгаагүй” гэжээ. Түүний гэргий Эннийн хувьд ч диабетийн онош, Сидней олимпийн бэлтгэл тод дурдатгал үлдээснийг тэр яриандаа дурссан билээ. Гэхдээ энэ бүхний эцэст Рэдгрэйв зөвхөн өөрөө өөрийгөө ялсан юм. Тэр энэхүү гайхалтай амжилтынхаа дараа 2000 оны BBC Спортын шилдэг тамирчны шагнал хүртэж, 2001 онд төрийн шагнал (Knight Bachelor)-аар шагнуулж Британийн эзэнт гүрний одонг хүртсэн гавьяатай.

Ангилал : Спорт
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх