Бизнес, эдийн засаг 23 үзсэн 0 үнэлгээ

Хүнсний ногооны үнэ БНХАУ-д ч өсөөд байна

Б. Эсүхэй

2021.11.05

Хүнсний ногооны үнэ юунаас шалтгаалж өсөх болсон бэ?


Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ БНХАУ-д хурдацтайгаар нэмэгдэж байгаа нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгах үүрэг хүлээсэн бодлого боловсруулагчдад дарамт учруулж эхэлжээ. Өнгөрсөн 10-р сард тус улсын хүнсний бүтээгдэхүүний үнэ долоо хоног бүр нэмэгдсэн талаар Худалдааны яамнаас мэдээлээд байна.  

Жишээлбэл, 30 хүнсний ногоог багтаасан үнийн сагс 10 сарын сүүлчээр нэг кг нь 5.99 юаньд хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн долоо хоногоос 6.6%, 9-р сарын сүүлийн долоо хоногоос 36.4%-иар нэмэгдсэн дүн аж. Худалдааны яамнаас долоо хоног бүр бараа бүтээгдэхүүний үнийн талаар тайлан гаргадаг ба өнгөрсөн Мягмар гарагт гаргасан уг тайланг үдээс хойш нь яамны сайтаас устгажээ. Тус тайланд цаашид ч хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байгааг дурдсан байна. 

Морган Стэнли банкны эдийн засагчдын мэдээлснээр өнгөрсөн 10-р сард цаг агаарын тааламжгүй байдал хүнсний ногооны хураалтад хүндрэл учруулсан нь үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ. Хүнсний үнэ нэмэгдэж байгаатай зэрэгцээд БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл зогсонги байдалд ороход хүрээд байна. Учир нь үл хөдлөх хөрөнгө нь Хятадын баялгийн 70-80%-ийг, орлогын 10%-ийг бүрдүүлдэг ба Evergande компанийн зээлийн асуудлаас шалтгаалж, томоохон хот, бүс нутгуудад орон сууцны үнэ унаж эхэлжээ. 

Харин манай улсын хувьд хил хаагдсантай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний үнэ мөн адил өсөөд байна. УБ хотын төвийн 6 дүүрэгт байрлах 17 хүнсний зах, худалдааны төвд хийгдсэн ажиглалтаар 8 хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх 7 хоногоос өсөөд байгаа аж. Нэг кг төмсний дундаж үнэ 10-р сарын эхэнд 788 төгрөг байсан бол 11 сарын 3-нд гэхэд 23.2% нэмэгдэж 971 төгрөгт хүрээд байгаа бол луувангийн үнэ нэг кг нь 19.5% нэмэгдэж 2,669 төгрөг болжээ. Харин нарийн ногооны хувьд хомстол үүсэж, үнэ нь дэлгүүрүүдэд харилцан адилгүй өндөр үнэд хүрээд байна.

үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх