Бизнес, эдийн засаг 7 үзсэн 0 үнэлгээ

Дэлхийн 40 гаруй орон нүүрснээс татгалзах амлалт өглөө

Б. Эсүхэй

2021.11.05

Чулуун нүүрсний хэрэглээг зогсоох талаар дэлхийн улс орнууд ямар байр суурьтай байгааг эндээс мэдээрэй.


Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын гишүүн орнуудын 26 дугаар бага хурал болох COP26 хурлын үеэр 40 гаруй улс, орны төлөөлөгчид чулуун нүүрсний хэрэглээг хязгаарлах талаар амлалт өгчээ. Учир нь уур амьсгалын өөрчлөлтөд нүүрсний үзүүлэх нөлөө асар их бөгөөд 2019 оны байдлаар дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 37%-ийг нүүрс дангаараа бүрдүүлдэг гэсэн судалгаа байдаг аж. 

Эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдсээр буй өнөө цаг үед нүүрс нь хямд эрчим хүчний эх үүсвэр гэдгээрээ онцлог юм. Гэвч томоохон нүүрснээс хамааралтай улс орнууд болох Австрали, Энэтхэг, БНХАУ болон АНУ нь уг амлалтад нэгдээгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эдийн засгийн хувьд өндөр хөгжилтэй улс орнууд 2030 он гэхэд, хөгжиж буй орнууд 2040 он гэхэд нүүрсний хэрэглээгээ зогсоох амлалт дэвшүүлээд байгаа аж. 

Манай улсын хувьд нүүрс нь экспортын голлох бүтээгдэхүүний нэг гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ. Энэ оны эхний 9 сарын байдлаар нийт 5.6 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон ба үүний 26.3% буюу 1.5 тэрбум ам.долларын экспортын бараа бүтээгдэхүүнийг нүүрс эзэлж байна.

Ташрамд дурдахад COP26 хуралд Монгол Улсыг төлөөлж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож буй бөгөөд хурлын үеэр 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7% хүртэл бууруулах амлалт өгсөн аж. Мөн техник технологийн дэвшил, инновацыг дэмжиж, түүнд хэрэгтэй санхүүжилтийг нэмэгдүүлэх байдлаар хүлэмжийн хийг бууруулах боломжтой талаар дурджээ. 

үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх