Морин спорт

Ariuna Lkhagva

2021.10.07

1900 оноос эхлэн олимпод багтсан морин спорт (equestrian)-ын нэг төрөл бол саадтай харайлтын үзүүлбэр билээ. Өнөөдрийн энэ хөгжилдөө хүрэхэд хэдэн зуун жилийн нүүрийг үзсэн энэхүү спорт хүн болон амьтны хоорондын нарийн харилцаа, хамтрах чадварыг тод томруунаар харуулдгаараа онцлогтой.

Энэхүү тэмцээний дүрмийг 1921 онд 8 гишүүн орны бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан Олон улсын морин спортын холбоо (FEI)-оос нэгтгэн баталсан байна. Өнөөдөр энэхүү холбоо 134 орныг эгнээндээ нэгтгээд байгаа ба Монгол Улс 1998 онд гишүүнээр элссэн билээ.

Grand Prix (CSI***** зэрэглэлтэй):
FEI-ийн нэрийн дор зохиогддог хамгийн өндөр чансааны тэмцээн бөгөөд тэмцээний дүрмийн дагуу оролцогчид 10-16 саадыг даван өрсөлддөг аж. Харин саадын хэмжээ нь 1,6 метр өндөр, 2,0 метр хүртэл өргөн байдаг. Оролцогчид уралдааны замд босоо, өргөн, хоёр болон гурвалсан зэрэгцээ саадуудыг туулах бөгөөд зам нь тойрох, эргэх гэх мэт олон чиглэлтэй байдаг. Уралдаан нь тухайн саад бүхий замыг тодорхой хугацаанд, цэвэр гүйцэтгэлтэйгээр туулах ерөнхий дүрэмтэй. Цаг хэтрэх, саадыг туулахаас татгалзах эсвэл саадыг харайх явцад нураах зэрэгт оноо хасагдаж дүгнэгддэг.

  • Стандарт саадын өндөр 1.7 метр, гурвалсан зэрэгцээ саадын өргөн нь 2.2 метрээс илүүгүй хэмжээтэй байх ёстой.
  • Морьд нь дунджаар 160 см өндөртэй тоомсог (Thoroughbred, “hot bloods”), бүлээн цусны (warmbloods) адуунууд байдаг ч 145 см өндөртэй намхан морьд ч олимп болон бусад олон улсын тэмцээнд оролцож байсан юм.
  • Монгол нас бие гүйцсэн азарганы мундааны өндөр нь дунджаар 131 см байдаг.
  • Пони буюу одой морьдын тэмцээн энэ төрөлд багтдаг нь хамгийн өхөөрдөм байдаг билээ. Тус тэмцээнийг зохион байгуулагчдын дүрмээс хамаарч 18-аас доош настай залуу морьтнууд, харин зарим нээлттэй тэмцээнүүдэд насанд хүрэгчид пони морьтой оролцдог байна.

Сонирхолтой баримтууд

  • Хамгийн өндөр саад дээгүүр, цэвэр гүйцэтгэлтэй харайж дэлхийн рекордоор бичигдсэн үйл явдал 1949 оны 2-р сарын 5-нд болжээ. Чилийн армийн оффицер Alberto Larraguibel цэвэр үүлдрийн азарга Huaso-гийн хамт 2.47 метрийн хашаа дээгүүр харайсан нь ийнхүү тэмдэглэгдэн үлдсэн байна.
  • Харин хамгийн хол зайнд харайсан рекордийг “Something” нэртэй азарга эзэн Andre Ferreira-тай хамт 8.40 метрийн уртад харайж 1975 оны 4-р сарын 26-нд дэлхийн рекордод бүртгэгдсэн билээ. Гэвч эдгээр нь албан ёсны тэмцээн бус морины шоу үзүүлбэрийн үеэр болсон явдлууд гэнэ.
  • Харин монгол морьд чамлахааргүй амжилтыг үзүүлсэн байдаг ба түүний нэг нь 1999 онд Б.Чимэддоржын Сүлд нэртэй ухаа морь 1,62 метр өндөртэй, 2,15 метр өргөнтэй саад дээгүүр харайж олныг гайхашруулж байжээ. (Мэдээллийг: www.moriton.net)
  • Stroller (Тэнүүлч) нэртэй одой морь 1968 оны Зуны Олимпод Их Британийн багаас оролцож мөнгөн медаль хүртэж байжээ. Тэрээр 145 см өндөртэй хэдий ч цэвэр цусны морьдуудтай өрсөлдсөн билээ.
  • Герман улс олимпод саадтай харайлтын төрлөөр 81 медаль (АНУ-49, Швед-41) хүртсэн тоогоороо бусад улсуудаас тэргүүлдэг.
  • Германы Hans Gunter Winkler 1956-1976 онуудад зохиогдсон олимпийн 6 наадмаас 5 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэнээр бусдаасаа тэргүүлсээр байна.
Ангилал : Спорт
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх