Чөлөөт бөхийн тамирчид Скандинавын хойгт

Mongolia Today

2021.10.09

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 51, эмэгтэйчүүдийн 32 удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 2-7-нд Норвегийн нийслэл Ослод боллоо. Манай улсын баг эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож зургаан хүрэл медаль хүртсэн бахдам амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлэв.


Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 51, эмэгтэйчүүдийн 32 удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 2-7-нд Норвегийн нийслэл Ослод боллоо. Манай улсын баг эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож зургаан хүрэл медаль хүртсэн бахдам амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлэв. Эмэгтэй баг маань 34 орноос гуравдугаар байр эзэлж хүрэл цом хүртсэн бол эрчүүд 55 орноос багаараа зургадугаар байрт орж ирэх жилийн Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхээ баталгаажууллаа. Хэдийгээр алт, мөнгөгүй ч залуу бөхчүүд медаль хүртэж болдогийг “баталсан”,  “харуулсан” тэмцээн байлаа.

Монголын баг тамирчдаас ОУХМ Б.Шоовдор, Т.Тулга, М.Лхагвагэрэл, Э.Гантуяа, Э.Даваачимэг, спортын мастер Д.Отгонжаргал нар өдөр бүр медаль энгэртээ гялалзуулж ард түмнээ баярлуулсан.Туршлагатай мастер дэлхийд дөрвөн жил дараалан финалдаж сүүлийн гуравт нь медаль хүрстнээр бөмбөрцөг данстай бөх гэдгээ баталсан. Манай чөлөөт бөхийн тамирчдаас түүнээс өмнө домогт Х.Баянмөнх, З.Ойдов, алдарт С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа гэсэн бүсгүйчүүд гурав болон түүнээс дээш удаа дэлхийгээс медаль хүртсэн байдаг. Б.Шоовдор одоо ч төрдөө гавьяагаа үнэлээгүй яваа бөгөөд авах нь цаг нь ч болсон гэдгээ харуулж чадлаа.  Тамирчин хүн бүхний мөрөөдөл болсон олимпийн их наадамд эх орноо төлөөлөн оролцсон, Монголын чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүдийн өнгийг тодорхойлж буй Т.Тулга Ослогийн дэвжээнд алтын дайтай хүрэл медаль хүртэв.

Хагас шигшээ барилдаанд шүүгчийн хуудуутай шийдвэрээс болж ялагдсныг спорт сонирхогчид гэлтгүй Монголын ард түмэн бэлхнээ гэрчилнэ. Түүнийг маргаантай ялсан орос нь шигшээд торолгүй түрүүлсэн дээ. Монголын чөлөөт бөхийн тамирчид дэлхийн аваргад анх зодоглосноос хойш 60-аад жилийн түүхэнд эрэгтэйчүүдийн хүнд жинд, эмэгтэйчүүдийн 30 гаруй жилийн хугацаанд хамгийн хөнгөн жинд хараахан медаль хүртээгүй явсан. Тэгвэл 23 настай М.Лхагвагэрэл 125 кг-д, 20 настай Д.Отгонжаргал 50 кг-д нар шинэ түүнийг бүтээцгээв. М.Лхагвагэрэл хоёр сарын өмнө нь олимпийн дэвжээнд хоёр олимпийн аваргад ялагдаж шагналт тавдугаар байрт орж дэлхийгээс медаль авах нь ойрхон байгаа гэдгээ Ослод баталж харууллаа. Тэгвэл 50 кг-д хүрэл медаль хүртсэн шавилхан биетэй Д.Отгонжаргал гэдэг охин насанд хүрэгчдийн анхны олон улсын анхны медалиа дэлхийн дэвжээнээс авна гэдэг бахархмаар сайхан. ОУХМ Э.Гантуяа, Э.Даваачимэг нар дэлхийн шилдгүүтэй гурав дахь удаа оролдлогоороо медальтан болсон. 

Ослогийн ДАШТ-д АНУ-ын Аделине Грэй зургаа, АНУ-ын Жордан Барроуз, ОХУ-ын Абдулрашид Садулаев нар тав дахиа түрүүлснээр домгуудын эгнээнд багтсан бол Японы ахлах сургуулийн сурагч 17 настай охин Акари Фүжинами ганц оноо алдалгүй бүх өрсөлдөгчөө цэвэр ялан түрүүлж “шуугиулсан”. Түүнчлэн өнөө цагийн дэлхийн чөлөөт бөхийн өнгийг тодорхойлж буй “Хаан” Хасан Яздани, “Шидтэн” Дэвид Тэйлорын дуэль, “Орос танк” Абдулрашид Садулаев, “Ахмад америк” Кайл Снайдерийн ривал гээд үзэж харах зүйл ихтэй, дараа нь ярих сэдэв олонтой үйл явдлууд Скандинавын хойгт боллоо.

Ангилал : Спорт
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх